/RIA Novosti/. Олон улсын сансрын станцаас /ОУСС/ буцаж ирж буй Японы сансрын жуулчид болох Юсакү Маезава, Йозо Хирано, мөн Оросын сансрын нисэгч Александр Мисуркин нар бүхий "Союз МС-20" хөлгийн буугч аппарат Казахстаны талд газардлаа.
Багийнхан 12 дугаар сарын 19-ний шөнө ОУСС-аас гарч, сансрын хөлөгт суужээ. "Союз МС-20" Москвагийн цагаар 02 цаг 50 минутад станцаас салж, 5 цаг 18 минутад хөлгийн хөдөлгүүрийн системийг асаасан байна. Үүний дараа "Союз" хоёр хэсэг салж, агаар мандлын нягт давхаргад орж, дараа нь буугч аппаратын гол шүхэр задарчээ.
Японы бизнес эрхлэгч Маэзава, түүний туслах Хирано, Оросын сансрын нисэгч нар 12 дугаар сарын 8-нд ОУСС руу ниссэн юм. Маэзава, Хирано нар 12 жилийн дараа "Союз МС-20" хөлгөөр ОУСС руу ниссэн сансрын анхны жуулчид болжээ. Үүнээс гадна, нэг биш хоёр жуулчинтай анхны баг байлаа.
Жуулчид станц дээр "MZ-ийн сансарт хийхийг хүсдэг 100 зүйлийн жагсаалтаас" /100 things you want MZ to do in space!/ Маэзава даалгавруудыг хэрхэн гүйцэтгэсэн тухай бичлэг хийж, “YouTube” суваг дахь хуудсандаа байрлуулсан байна. Тэрбээр тусгай цахим хуудсаар хүмүүсээс санал болгосон зүйлүүдийг сонгожээ. Үүнээс гадна, япончууд Оросын эрдэмтдийн захиалгаар хүний биеийн цусны урсгалын хөдөлгөөнийг судалдаг “ЛАЗМА” судалгаанд оролцсон байна.
Жуулчны багийнхныг хөдөлсний дараа станц дээр Оросын сансрын нисэгчид болох Антон Шкаплеров, Петр Дубров, Америкийн Марк Ванде Хай, Ража Чари, Кайла Баррон, Том Маршберн, Европын сансрын агентлагийн сансрын нисэгч, Германы иргэн Маттиас Маурер нар үлдэж байгаа ажээ.