Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 11.1 хувиар нэмэгдлээ

оруулсан Алсын Хараа

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ энэ оны 11 дүгээр сард улсын хэмжээнд өмнөх оны мөн үеийнхээс 10.5, өмнөх оны эцсийнхээс 11.1, өмнөх сарынхаас 1.3 хувиар нэмэгдлээ.

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 11 дүгээр сард өмнөх оны мөн үеийнхээс 10.5 хувиар нэмэгдэхэд хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 18.7 (мах, махан бүтээгдэхүүн 22.2 хувь, согтууруулах бус ундааны дэд бүлгийн үнэ 11.1 хувь), согтууруулах ундаа, тамхины бүлгийн үнэ дүнгээрээ 6.1, хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ дүнгээрээ 5, орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад түлшний бүлгийн үнэ дүнгээрээ 1, эм тариа, эмнэлгийн үйлчилгээний бүлгийн үнэ дүнгээрээ 6.8, тээврийн бүлгийн үнэ дүнгээрээ 19.5 хувиар нэмэгдсэн нь нөлөөлжээ.

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ энэ оны 11 дүгээр сард өмнөх оны эцсийнхээс 11.1 хувиар нэмэгдэхэд хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 17, орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад түлшний бүлгийн үнэ дүнгээрээ 13.2, эм тариа, эмнэлгийн үйлчилгээний бүлгийн үнэ дүнгээрээ 6.4, тээврийн бүлгийн үнэ дүнгээрээ 19.5 хувиар нэмэгдсэн нь нөлөөлсөн байна.

Харин хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ энэ оны 11 дүгээр сард өмнөх сарынхаас 1.3 хувиар нэмэгдэхэд хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 2, согтууруулах ундаа, тамхины бүлгийн үнэ дүнгээрээ 1.6, хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ дүнгээрээ 0.9, орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад түлшний бүлгийн үнэ дүнгээрээ 1.4, тээврийн бүлгийн үнэ дүнгээрээ 2.4 хувиар нэмэгдсэн нь нөлөөлсөн аж.

Инфляцын түвшин буюу хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2018 оны 11 дүгээр сард 8.1 хувь, 2019 оны 11 дүгээр сард 5.2 хувь, 2020 оны 11 дүгээр сард 3.5 хувь гарч байсан бол энэ оны 11 дүгээр сард 10.5 хувь болж, өмнөх оны мөн үеийнхээс 7 нэгж хувиар нэмэгдэв. Инфляцын түвшин буюу хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өнгөрсөн сард улсын хэмжээнд 10.5 хувь гарсны 5.0 нэгж хувь буюу 47.6 хувь нь хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнийн өсөлтөөс шалтгаалсныг Үндэсний статистикийн хороо мэдээллээ.

Хэрэглээний бараа, үйлчилгээний сагсанд 373 нэр төрлийн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ, Улаанбаатар хотын хэмжээнд 344 нэр төрлийн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний үнийг судалдаг. Нийт 373 нэр төрлийн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний 200 нь импортын бараа, бүтээгдэхүүн байгаа нь нийт жингийн 45.5 хувийг эзэлж байна. Инфляц энэ оны 11 дүгээр сард 10.5 хувь гарсны 50.5 хувь нь импортын барааны үнийн өсөлтөөс шалтгаалжээ. Импортын барааны үнийн өсөлтийн нөлөөлөл нь өмнөх оны мөн үеэс 19.1 нэгж хувиар нэмэгдсэн байна.

Хүнсний барааны бүлгийн үнэ өмнөх оны мөн үеийнхээс 2020 оны 11 дүгээр сард 7.3 хувиар, 2021 оны 11 дүгээр сард 17 хувиар өсөж, өсөлтийн хурдац 9.7 нэгж хувиар, хүнсний бус бараа, үйлчилгээний бүлгийн үнэ 2020 оны 11 дүгээр сард 1.9 хувиар, энэ оны 11 дүгээр сард 7.6 хувиар, өсөлтийн хурдац 5.7 нэгж хувиар нэмэгджээ.

Төвийн бүсэд энэ оны 11 дүгээр сард хүнсний бүлгийн үнэ 18.1, төвийн бүсэд хүнсний бус бүлгийн үнэ 10.2 хувиар өссөн нь хамгийн их байв. Барааны бүлгийн үнэ 2020 оны 11 дүгээр сард өмнөх оны мөн үеийнхээс 4 хувиар, энэ оны 11 дүгээр сард 12.2 хувиар өсөж, өсөлтийн хурдац 8.2 нэгж хувиар, үйлчилгээний бүлгийн үнэ 2020 оны 11 дүгээр сард 1.9 хувиар, энэ оны 11 дүгээр сард 5.2 хувиар өсөж, өсөлтийн хурдац 3.3 нэгж хувиар нэмэгдсэн байна.

Төвийн бүсэд энэ оны 11 дүгээр сард барааны бүлгийн үнэ 14.6, үйлчилгээний бүлгийн үнэ Улаанбаатар хотод 6 хувиар нэмэгдсэн нь хамгийн их байна. Мах, махан бүтээгдэхүүний үнэ энэ оны 11 дүгээр сард өмнөх оны эцсийнхээс 21.6 хувиар нэмэгдэж, харин өмнөх сарынхаас 0.6 хувиар багасахад үхрийн махны үнэ 0.2, ямааны махны үнэ 3.3 хувиар багассан нь нөлөөлжээ. Харин өмнөх оны мөн үеийнхээс 22.2 хувиар нэмэгдэхэд үхрийн махны үнэ 21.3, хонины ястай махны үнэ 24.7 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ.

Сэтгэгдэл бичих