"Ташкент-2021" ДАШТ-ний эмэгтэйчүүдийн 87 кг-ын жингийн "А" буюу М.Анхцэцэгийн хэсгийн өргөлт Ташкентын цагаар 12 дугаар сарын 16-ны оройны 19.00 цагаас /Улаанбаатарын цагаар 22.00 цаг/ эхэлнэ.
Узбекистаны нийслэл Ташкент хотноо хүндийг өргөлтийн дэлхийн аварга шалгаруулах 86 дахь удаагийн тэмцээнд 74 орны 432 туйванч 20 цогц медалийн төлөө хүч үзэж байгаа юм.
Дэлхийн шилдэг багууд болох БНХАУ, БНАСАУ баг тамирчдаа оролцуулахгүй гэж шийдсэн, мөн "Токио-2020" олимпын аварга 10, дэлхийн аварга 15 тамирчин Ташкентад ирээгүй нь олон шинэ аварга, медальтан төрөх боломж байна.
Монголын хүндийг өргөлтийн шигшээ баг ДАШТ-д Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Ц.Хосбаярын удирдлага дор дөрвөн тамирчинтай оролцохоор бэлтгэж байсан ч 71 кг-ын жинд Г.Анужин, 81 кг-д өрсөлдөх байсан Э.Билэгсайхан нар гэмтлийн улмаас энэ тэмцээнийг өнжлөө.
Харин 59 кг-д Энхбаатарын Энхтамир /21 настай/ "С" хэсэгт багтан, огцомоор 82 кг, түлхэлттэй өргөлтөөр 96 кг өргөж, нийлбэр дүнгээр 178 кг-ын амжилтаар жиндээ 27 тамирчнаас 20 дугаар байрт бичигдлээ.
Өнөөдөр 87 кг-д Монгол Улсын Гавьяат тамирчин, ДАШТ-ний хошой хүрэл медальт /огцом өргөлтөөр/, Мөнхжанцангийн Анхцэцэг дэвжээнд гарч, "А" хэсгийг манлайлан өргөлтөө хийх гэж байна.
“Энэ хэсэгт 11 тамирчин байгаа бөгөөд Анхаа захиалгаа 255 кг-аар өгсөн нь хамгийн өндөр үзүүлэлт болж байна. Түүнтэй адил захиалга өгсөн ганц тамирчин байгаа нь ОХУ-ын Дарья Ахмерова хэмээх "битүү морь", энэ жил 21 настай тамирчин бөгөөд манай тамирчны гол өрсөлдөгч” гэж спортын сэтгүүлч Ц.Энхтүвшин мэдээллээ.