Улаанбаатарын иргэд авах зүйлд “ТИЙМ”, өгөх, үүрэг оролцоог нэмэгдүүлэхэд “ҮГҮЙ” гэж судалгаанд хариулжээ

оруулсан Алсын Хараа

Нийслэл Улаанбаатар хотын хөгжлийн асуудал эрхэлсэн Түр хорооны хуралдаан өчигдөр Төрийн ордонд болсон. Түр хорооны хуралдааны үеэр "Улаанбаатар хотын тулгамдсан асуудал" сэдэвт түүвэр судалгааны дүнг Эс Ай Си Эй ХХК-ийн гүйцэтгэх захирал Ж.Эрдэнэбилэг танилцууллаа.

Энэхүү судалгаанаас судлаачид “Иргэд төрөөс хийж хэрэгжүүлэх томоохон төсөл хөтөлбөр, бүтээн байгуулалтын ажлыг ихээхэн шаардаж байгаа ч иргэдийн өөрсдийнх нь зүгээс оролцоог нэмэгдүүлсэн, хариуцлага шаардсан, татвар хураамж нэмэгдүүлсэн арга хэмжээг дэмжихгүй байгаа нь ажиглагдлаа. Авах зүйлд “тийм”, өгөх, үүрэг оролцоог нэмэгдүүлэхэд “үгүй” гэж хариулж байна” гэсэн дүгнэлтийг гаргажээ.

Түүвэр судалгаанд есөн дүүргийн 600 иргэнийг хамруулан Улаанбаатар хотын хувьд тулгамдсан асуудал нь юу байна гэдгийг тодотгон гаргасан аж. Нийслэл хотын хувьд эрүүл, аюулгүй орчинд ажиллаж, амьдрах нөхцөл сайжирсан гэж зургаан хүн тутмын нэг нь үнэлсэн бол, үгүй гэж дөрвөн хүн тутмын нэг нь үзэж байх жишээтэй.

Одоо тулгамдаж буй асуудлыг дэд бүтцийн, нийгмийн, эдийн засгийн гэсэн гурван бүлэгт хуваан ангилсан. Дэд бүтцийн тулгамдсан асуудлын тэргүүнд автомашины зогсоолыг нэрлэсэн бол гэр хорооллын дахин төлөвлөлт, явган болон дугуйн зам, зай завсаргүй барьсан барилга байгууламж, ногоон байгууламж дутмаг байдал гэсэн асуудлуудыг иргэд нэрлэсэн байна. Хүүхдийн тоглоомын талбай, цэцэрлэг, сургуулийн хүртээмж гэсэн асуудлыг ч дурджээ. Энэхүү тулгамдсан асуудал нь гэр хороолол болон орон сууцанд амьдарч буй иргэдийн хувьд мөн ялгаатай.

Гэр хорооллын дахин төлөвлөлт хамгийн чухал гэж гэр хороололд амьдардаг иргэд хэлсэн бол автомашины зогсоолын хүртээмжгүй байдал орон сууцанд амьдарч буй иргэдийн хамгийн тулгамдсан асуудал байна.

Нийгмийн асуудлын тухайд замын түгжрэл, агаарын бохирдол, архидалт, хог хаягдал, “КОВИД-19” цар тахлын нөхцөл байдал сэтгэл зовоосон асуудал гэжээ. Урьд нь “КОВИД-19” цар тахлын нөхцөл байдал хамгийн эхэнд бичигдэж байсан бол энэ удаа тавдугаарт эрэмбэлэгдсэн. Харин эдийн засгийн асуудлын тухайд судалгаанд оролцогчдын 66.8 хувь нь бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, 45 хувь нь цалин тэтгэврийн хүртээмж муу байна гэжээ.

Мөн иргэдийн амьжиргааны түвшин, ядуурал, жижиг, дунд бизнес эрхлэх боломж, ядуурлыг тулгамдаж буй асуудал хэмээн нэрлэсэн аж. Түүнчлэн Нийслэл Улаанбаатар хотын хөгжлийн асуудал эрхэлсэн Түр хороо байгуулагдсаны дээр хэд хэдэн хуулийн шинэчлэл нь хотын хөгжилд нааштай өөрчлөлт авчирна гэсэн хүлээлт иргэдийн дунд байгаа бөгөөд тэд хамгийн түрүүнд авто замын түгжрэлийг бууруулах, цалин тэтгэвэр тэтгэмжийг өсгөж эдийн засгийн хямралыг арилгах, амьдрах орчныг сайжруулах, агаарын бохирдлыг бууруулах байх гэж хүлээж буй нь харагдсан хэмээн өгүүллээ.

Судалгааны багийнхны зүгээс хийж хэрэгжүүлэх  ажлыг асууж эрэмбэлэхэд

  • 96.3 хувь нь явган хүний зам барих,
  • 93 хувь нь дугуйн зам барих,
  • 92.8 хувь нь давхар зам, гүүрэн байгууламж  бий болгохыг дэмжсэн байна.

Түүнчлэн нийтийн тээврийн автобусны тоог нэмэх, метро байгуулах, дагуул хот, дэд төв байгуулах зэрэг ажлуудыг иргэд өндөр хувиар дэмжсэн хариулт өгчээ.

Судлаачид дэмжихгүй байгаа асуудлуудыг ч мөн асуулгад багтаан эрэмбэлэн жагсаажээ. Тухайлбал,

  • Буруу талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгслийн онцгой албан татвар болон бусад татварыг нэмэхийг судалгаанд оролцогчдын 65.5 хувь нь дэмжихгүй байгаагаа илэрхийлсэн
  • Хотын иргэний татвар бий болгохоос 64.8 хувь нь татгалзсан
  • Хотын авто зам, гүүрийг төлбөртэй, төлбөргүй болгож ялгахыг 63.7 хувь эсэргүүцсэн
  • Буруу талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгслийг импортлохыг хориглохыг 50.8 хувь нь дэмжихгүй
  • Хөдөөгийн иргэдийн шилжилт хөдөлгөөнийг түр хязгаарлахыг 58 хувь нь дэмжихгүй
  • Нэг өрх нэг автомашинтай байх, нэгээс дээш автомашинтай бол татварыг хоёр дахин нэмэгдүүлэн тооцдог болохыг 54.8 хувь нь дэмжихгүй
  • Дугаарын хязгаарлалттай өдрийн тоог нэмэхийг 50.8 хувь нь дэмжихгүй гэдгээ илэрхийлсэн байна.

Эх сурвалж: НЗДТГ-ын хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс 

Сэтгэгдэл бичих