В.Путин, Ши Жиньпин нар "бүх тулгамдсан, чухал асуудлыг" хэлэлцлээ

оруулсан Алсын Хараа

/TASS/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин лхагва гарагт БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй цахим уулзалт хийлээ. Хоёр улсын удирдагчдын уулзалт ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин АНУ-ын төрийн тэргүүн Жо Байдентай цахимаар уулзсанаас долоо хоногийн дараа болсон юм. АНУ-ын Ерөнхийлөгчтэй хийсэн В.Путиний уулзалт хоёр цаг үргэлжилсэн бол Хятадын удирдагчтай 90 минут орчим ярилцсан байна.

ОХУ-ын Ерөнхийлөгчийн туслах Юрий Ушаковын мэдээлснээр, Орос, Хятадын удирдагчид Европ дахь Москвагийн аюулгүй байдлын баталгаанаас эхлээд Ази, Номхон далайн бүс нутагт шинэ эвсэл байгуулах хүртэл "бүх тулгамдсан, чухал асуудлыг" хэлэлцжээ. Түүнчлэн хоёр талын харилцаа, цаашид хийх уулзалтуудын талаар хэлэлцсэн байна. Хоёр улсын удирдагчид дараагийн удаад 2022 оны хоёрдугаар сард уулзаж магадгүй байна.

Дэлхийн улс төр

В.Путин Америкийн төрийн тэргүүнтэй уулзсан гэдгээ Ши Жиньпинд хэлээд, энэ уулзалтыг ерөнхийдөө өргөн агуулгатай, үр дүнтэй болсон гэж мэдэгдсэн байна. Хятадын удирдагч мөн саяхан Америкийн Ерөнхийлөгчтэй хэлэлцээ хийсэн билээ. Тэдний уулзалт 11 дүгээр сарын 16-нд видео хурлын хэлбэрээр болсон.

Оросын Ерөнхийлөгч мөн Ж.Байдентай хийсэн уулзалтын гол сэдвүүдийн нэг болох аюулгүй байдлын баталгааны тухай хэлэлцээг Барууны орнуудтай нэн даруй эхлүүлэхэд бэлэн байгааг мэдэгдээд, хэлэлцээний явцын талаар Бээжинд мэдээлнэ хэмээжээ. БНХАУ-ын дарга Оросын санаачилгыг “бүрэн дэмжиж байгаагаа” илэрхийлсэн байна. Ю.Ушаковын тодруулснаар, энэ асуудлаарх Москвагийн саналыг лхагва гарагт АНУ-ын төлөөлөгчдөд хүргүүлсэн байна. Аюулгүй байдлын баталгааны талаарх хэлэлцээнд ОХУ-ыг тус улсын Гадаад хэргийн дэд сайд Сергей Рябков төлөөлөн оролцоно.

ОХУ, БНХАУ-ын удирдагчид 12 дугаар сарын 9-10-нд АНУ-ын эрх баригчдын зохион байгуулсан "Ардчиллын төлөөх дээд хэмжээний уулзалт" гэх мэт арга хэмжээ нь сөрөг үр дагавартай гэдэгтэй санал нэгджээ. Энэ дээд хэмжээний уулзалтад тус хоёр улсын аль аль нь оролцоогүй юм.

Тэд мөн Ази, Номхон далайн бүс нутагт AUKUS (Австрали, Их Британи, АНУ-ын цэргийн эвсэл), Quad (АНУ, Австрали, Япон, Энэтхэгийн оролцоотой дөрвөн талт аюулгүй байдлын яриа хэлэлцээ) гэх зэрэг эвсэл байгуулсныг буруушаажээ. AUKUS эвслийн хүрээнд цөмийн шумбагч онгоц бүтээх технологийг Австралийн талд шилжүүлэн өгөхөөр төлөвлөж байгаа бөгөөд энэ нь цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх гэрээний үндэс суурийг алдагдуулж байна гэдэгтэй хоёр удирдагч санал нэгджээ.

Түүнчлэн 2022 онд НҮБ -ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын "таван" гишүүний дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулахад дэмжлэг үзүүлэхээр тохиролцжээ. В.Путин ийм уулзалтыг зохион байгуулахыг 2020 оны нэгдүгээр сард санал болгосон юм. Үүнээс гадна Орос, Хятад, Энэтхэгийн дээд хэмжээний уулзалт удахгүй болж магадгүй байна.

Хоёр талын харилцаа

ОХУ-ын Ерөнхийлөгч 2022 оны хоёрдугаар сард Бээжинд болох Өвлийн олимпын нээлтэд очихоор төлөвлөж байгаагаа нотолсон байна. Ши Жиньпин хариуд нь "Олимпын уулзалтыг” тэсэн ядан хүлээж байгаагаа мэдэгджээ.

БНХАУ-ын дарга Оросын удирдагчийг эртний анд нөхөр хэмээгээд, энэ удаагийн цахим уулзалт нь Ши Жиньпин одоогийн албан тушаалыг авснаас хойш буюу 2013 оноос хойш цахимаар хийсэн 37 дахь удаагийн уулзалт гэдгийг сануулсан байна. Хоёр орны удирдагчид он гарснаас хойш хоёр дахь удаагаа цахим уулзалт хийж байгаа юм. Эхнийх нь 2021 оны зургаадугаар сарын 28-нд болсон бөгөөд уулзалтыг "Сайн хөршийн найрсаг хамтын ажиллагааны хэлэлцээр"-т гарын үсэг зурсны  20 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулжээ.

ОХУ-ын Ерөнхийлөгч Орос-Хятадын харилцааг "XXI зууны улс хоорондын хамтын ажиллагааны жинхэнэ үлгэр жишээ" хэмээн тодорхойлсон байна. БНХАУ-ын дарга хариуд нь хоёр улсын харилцаа нь "бат бөх болсон гэдгээ харуулж, шинэ уур амьсгалтай болсон" гэдгийг цохон тэмдэглэжээ. Ю.Ушаковын хэлснээр, олон улсын асуудлаарх Москва, Бээжингийн хамтын ажиллагаа нь дэлхий дахины байдлыг тогтворжуулдаг гэдэгтэй удирдагчид санал нэгдсэн байна.

В.Путин, Ши Жиньпин нар мөн эдийн засгийн асуудлуудыг хэлэлцсэн байна. Тодруулбал, Оросын үр тариаг Хятадад нийлүүлэх, “Сибирийн хүч-2” хий дамжуулах хоолой, Орос-Хятадын худалдааны үйл ажиллагаанд зориулсан хараат бус санхүүгийн дэд бүтцийг бий болгох, Евразийн эдийн засгийн холбоо болон "Бүс ба зам" интеграцийн санаачилгуудыг уялдуулах талаар хэлэлцжээ.

Удирдагчид мөн хоёр улсын хилийн дэд бүтцийн бүтээн байгуулалтыг өндрөөр үнэлсэн байна.

Сэтгэгдэл бичих