Нийслэлийн Аялал жуулчлалын газраас Сонгинохайрхан уулын явган аяллын 3 км жимийг олон улсын стандартын дагуу тэмдэгжүүлж, амрах цэгүүдийг тохижууллаа.
Ууланд явган аялагчдад зориулсан сүүдрэвч, сандал, ширээ, хашлага, гүүр, мэдээллийн самбар, ургамал, ан амьтдын талаарх тайлбарыг байршуулж, явган аяллын зам хийсэн зэрэг ажлаа Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газарт хүлээлгэн өгчээ. Тус дүүрэг явган аяллын замын ашиглалт, хамгаалалтыг цаашид хариуцан ажиллах юм.
Явган аяллын шинэ чиглэлийг тохижуулсан нь байгалиа хамгаалах, зөв зохистой аялах, явган аялал, уулын спортыг сурталчлан таниулах, бүх нийтийн биеийн тамирыг дэмжих, эрүүл амьдралын хэв маягийг дэлгэрүүлэх, байгальд үзүүлж буй сөрөг нөлөөллийг хязгаарлах зорилготой. Энэ ажлыг өнгөрсөн баасан гарагт бүрэн дуусгасныг НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.