/Yahoo Finance/. “Turquoise Hill Resources” компанийн хувьцаа даваа гарагт 15 хувиар өсжээ. Тус компанийн 51 хувийг эзэмшдэг “Rio Tintо” компани Монголын Засгийн газарт ногдох 2.3 тэрбум ам.долларын өрийг тэглэхээ мэдэгдсэний дараа хувьцааны ханш нь ийнхүү өссөн байна.
“Rio Tintо” компанийн хувьд Оюу толгой зэс, алтны төслийн бүтээн байгуулалтын ажлаа эрчимжүүлэхээр төлөвлөж буй бөгөөд уг орд нь дэлхийн зэс, алтны хамгийн том уурхайнуудын нэгд тооцогддог юм. Мөн зэсийн хэрэглээний тал хувийг эзэлдэг Хятад улстай ойр оршдог нь тус компанийн хувьд ач холбогдолтой байна.
Үүний зэрэгцээ зэс нь цахилгаан тээврийн хэрэгсэлд дотоод шаталтат хөдөлгүүртэй автомашинаас 3-4 дахин их хэрэглэгдэх бөгөөд Хятад нь цахилгаан тээврийн хэрэгслийн үйлдвэрлэл, хэрэглээгээрээ дэлхийд тэргүүлэх байр сууриа хадгалсаар байна. Оюу толгойн 34 хувийг Монголын Засгийн газар, үлдсэн хувийг “Turquoise Hill” эзэмшдэг бол тус компанийн 51 хувийг “Rio Tinto” эзэмшдэг.