/МОНЦАМЭ/. "King Tug" хочит Нямбаярын Төгсцогт 2022 оны нэгдүгээр сарын 22-нд рингэнд дахин тулалдахаар товлосон талаар АНУ-аас спортын сэтгүүлч Ц.Энхтүвшин /Таван цагариг/ мэдээллээ.
Монгол Улсын гавьяат тамирчин, сонирхогчдын боксын олимп, ДАШТ-ий мөнгөн медальт, мэргэжлийн боксын IBO холбооны 57,2 кг жингийн дэлхийн аварга болж байсан, Н.Төгсцогт мэргэжлийн рингэнд 14 тулаан хийн 12 ялж /9 КО/, 2 ялагдсан амжилт үзүүлээд байгаа юм.
Тэрбээр 2021 оны 7 дугаар сард WBA-холбооны 58,9 кг жингийн Interim champion буюу түр аваргын бүсийг эзэмшигч Крис Колберттой жин өгсөн аваргын бүсийн төлөө тулалдаж оноогоор ялагдсан билээ.
Харин энэ удаа манай Төгсцогтын өрсөлдөгч нь АНУ-ын боксчин , энэ жил 29 настай Виктор "Vicious" Пасильяс байх ажээ. Пасильяс нь өдгөөгөөс 10 жилийн өмнө мэргэжлийн бокст орсон бөгөөд нийтдээ 17 тулаан хийж, 16 ялж /9 КО/ , нэг ялагдсан амжилттай боксчин байна.
Төгсцогт-Пасильяс нарын тулаан Нью Жерси мужийн Атлантик сити хотноо, "Borgata Hotel& Casino , spa" цогцолборт болох бөгөөд энэ үдшийн Co-main event юм.
Энэ үдшийн гол тулаан нь WBC-ийн 57,2 кг жингийн дэлхийн аварга Гэри Рассель /31 ялалт, 1 ялагдал/ болон Филиппиний Марк Магсайо /23-0/ нарын хооронд болно. Г.Рассель манай Төгсцогттой 2020 оны 2 дугаар сард тулалдан аваргын бүсээ хамгаалснаас хойш ганц ч тулаан хийгээгүй байгаа билээ. Мөн энэ үдэш домогт аварга Эвандер Холифилдын хүү Эван Холифилд /8-0/ рингэнд Гэри Рассель, "King Tug" нарын өмнө тулалдах юм байна.
Тулааныг Америкийн SHOWTIME тв суваг шууд дамжуулан үзүүлэх юм.