/Financial Times/. “Rio Tinto” компани Монголын говь цөл дэх зэсийн томоохон төслийн бүтээн байгуулалтыг дуусгахыг эрмэлзэж буйтайгаа холбогдуулан тус улсын Засгийн газарт ногдох 2.3 тэрбум ам.долларын өрийг тэглэх санал тавьжээ.
Өрийг тэглэх нь Оюу толгой далд уурхайн бүтээн байгуулалтыг төлөвлөсний дагуу үргэлжлүүлж, Улаанбаатартай харилцаагаа сайжруулах зорилго бүхий таван саналд нь багтаж байгаа юм. Үүнд маргаан дагуулсан санхүүжилтийн гэрээг цуцлах, олборлолтыг эхлүүлэх хүртэл буюу 2023 оны эхний хагас хүртэлх нэмэлт зардлыг хариуцах зэргийг мөн оруулжээ.
Оюу толгой нь “Rio Tinto”-гийн хамгийн үнэ цэнтэй төслүүдийн нэг бөгөөд бүтээн байгуулалтын ажил нь дуусах үед дэлхийн зэсийн хамгийн том уурхайнуудын нэг болж, цахилгаан тээврийн хэрэгслээс эхлээд гэр ахуйн цахилгаан бараанд хэрэглэгдэх металийг жилд 500 мянга орчим тонныг олборлох юм.
Энэхүү уурхайн ашиглалтад орох хугацаа хоёр жил орчмоор хойшлоод байгаагаас гадна хөрөнгө оруулалтынх нь зардал анх төлөвлөж байсан 5.3 тэрбум ам.доллароос 6.45 тэрбум ам.долларт хүрч нэмэгдэх тооцоотой байгаа юм. Ийнхүү төслийн зардал хэтэрсэн нь маргаан дагуулж, Их Британи, АНУ-ын хууль сахиулагчдад шалгагдаж байна.
“Rio Tinto” компанийн гүйцэтгэх захирал Якоб Стаусхолм Монгол Улсад айлчилж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон уг төслийг эрс эсэргүүцэж буй парламентын гишүүдтэй уулзсаны дараа тус компани ийнхүү буулт хийлээ.
“Эдгээр шийдвэрийг гаргахад амаргүй байсан бөгөөд манай талын эцсийн санал юм. Энэ нь хөрөнгө оруулагчдаас Монгол Улсад шилжүүлж буй томоохон үнэ цэн бөгөөд цаашдын итгэлцлийн суурь болно гэдэгт бид итгэж байна” гэж Я.Стаусхолм Л.Оюун-Эрдэнэд хаягласан захидалдаа онцлон тэмдэглэжээ.
Монгол Улс нь төслийн 34 хувийг эзэмшдэг бол үлдсэнийг нь “Rio Tinto”-гийн охин компани болох “Turquoise Hill Resources” эзэмшдэг. Энэхүү уурхай нь Монголын гадаадын шууд хөрөнгө оруулалтын хамгийн том эх үүсвэр бөгөөд өндөр цалинтай олон мянган ажлын байраар хангадаг.
Улаанбаатарын хувьд эзэмшиж буй хувьцаандаа ногдох бүтээн байгуулалтын зардлыг “Rio Tinto”-гоос зээл аван санхүүжүүлж ирсэн бөгөөд өрийг барагдуулах хүртэл төслөөс ногдол ашиг авахгүй байхаар тохиролцсон нь 2040 он, түүнээс цааш ч сунан үргэлжилж магадгүй байгаа юм.
Иймд 2.3 тэрбум ам.долларын зээлийг тэглэснээр Монголын тал уурхайгаас ногдол ашиг хүртэж эхэлж, улмаар “Rio Tinto” болон энэ оын эхээр төслийг зогсооход хүрч болзошгүйг анхааруулаад байсан Засгийн газрын маргааны хамгийн том эх үүсвэрүүдийн нэгийг зохицуулна. Уг зээлийн хувьд 6.5 хувь + Либор хүүтэй юм.
“Rio Tinto”-гийн саналыг Монголын парламент соёрхон батлах шаардлагатай ба парламентын 76 суудлын 62-ыг нь эзэлж буй эрх баригч Монгол Ардын намын даргаар Л.Оюун-Эрдэнэ саяхан томилогдсон юм.
"Үндсэндээ 34 хувийг ашгийг Монголын ард түмэн үнэгүй авч байгааг" Л.Оюун-Эрдэнэ даваа гарагт Улаанбаатарт болсон хэвлэлийн бага хурлын үеэр цохон тэмдэглэжээ.
“Rio Tinto” компанийн хувьд Монголын Засгийн газарт “харилцаагаа сэргээж, бүх талд хамтран урагшлах боломжийг бүрдүүлэх” саналуудыг тавьснаа батлан мэдэгдсэн байна. Хэрэв талууд тохиролцоонд хүртэл “Rio Tinto” Оюу толгойн далд уурхайн агуйлах ажлыг нэгдүгээр сараас эхлүүлэх боломжтой болно.
2015 онд байгуулсан санхүүжилтийн гэрээ буюу Далд уурхай бүтээн байгуулах санхүүжилтийн гэрээ нь өмнө нь “Rio Tinto”, Засгийн газрын дунд үүссэн маргааныг зохицуулж, бүтээн байгуулалтыг үргэлжлүүлж байсан юм. Уг гэрээ болон төслийн 4.4 тэрбум ам.долларын санхүүжилтийн талаар “Rio Tinto”-гийн гүйцэтгэх захирал асан Жан-Себастьян Жак, Монгол Улсын тухайн үеийн Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нар тохиролцсон юм.
Гэвч уг гэрээ нь Монголын парламентаар батлагдаж байгаагүй бөгөөд тус улсыг уурхайгаас илүү их хэмжээний санхүүгийн ашиг олох ёстой гэж үздэг шүүмжлэгчдийн гол бай болжээ. Парламент Далд уурхай бүтээн байгуулах санхүүжилтийн гэрээг сайжруулах тухай тогтоолын төслийг 2019 оны 12 дугаар сард баталсан бол “Rio Tinto” одоо уг гэрээг цуцлах саналыг ийнхүү тавиад байна.
"Өнөөдрийн мэдэгдэл нь хоёр тал энэхүү төсөлд тууштай хандаж, Монгол Улсын гадаад өр төлөх чадвартай холбоотой тодорхойгүй байдлыг үр дүнтэй арилгаж, Оюу толгойн ногдол ашиг хүртэх хугацааг нь ойртуулж магадгүй гэж бид бодож байна" гэж “Citi” группийн шинжээч Адриен Луй мэдээлжээ.
Одоогийн байдлаар “Rio Tinto” цахилгаан автомашины үйлдвэрлэлээ өргөжүүлж буй Европын автомашин үйлдвэрлэгчдэд нийлүүлэх литийн төслийг Сербид хэрэгжүүлэхэд шаардлагатай зөвшөөрлийг авах чиглэлд ажиллаж буй юм. Мөн 2020 онд Австралид уурхайгаа өргөжүүлэхийн тулд уугуул иргэдийн 46 мянган жилийн түүхтэй агуйг сүйтгэсэн нь хүчтэй шүүмжлэл дагуулсан тул нэр хүндээ сэргээхийг эрмэлзэж байгаа ажээ.