Н.Төгсцогт АНУ-ын боксчинтой тулалдахаар болжээ

оруулсан Алсын Хараа

Мэргэжлийн боксчин Нямбаярын Төгсцогтын энэ удаагийн өрсөлдөгчөөр АНУ-ын 29 настай боксчин Виктор "Vicious" Пасильяс тодорсон талаар АНУ-аас спортын сэтгүүлч Ц.Энхтүвшин /Таван цагариг/ мэдээллээ.

Монгол Улсын гавьяат тамирчин, сонирхогчдын боксын олимп, дэлхийн мөнгөн медальт, мэргэжлийн боксын IBO холбооны 57,2 кг жингийн дэлхийн аварга болж байсан Н.Төгсцогт мэргэжлийн рингэнд 14 тулаан хийн 12 ялж /9 КО/, 2 ялагдсан амжилттай яваа билээ.

Ийнхүү "King Tug" Нямбаярын Төгсцогт 2022 оны нэгдүгээр сарын 22-нд рингэнд дахин гарч, ээлжит тулаанаа хийх боллоо. Тэрбээр 2021 оны 7 дугаар сард WBA-холбооны 58,9 кг-ийн жингийн Interim champion буюу түр аваргын бүсийг эзэмшигч Крис Колберттой жин өгсөн аваргын бүсийн төлөө тулалдан оноогоор ялагдсан юм.

Энэ удаа "King Tug"-тай хүч үзэх АНУ-ын боксчин Пасильяс нь 10 жилийн өмнө мэргэжлийн бокст орсон бөгөөд нийтдээ 17 тулаан хийж, 16 ялж /9 КО/, нэг ялагдсан амжилттай боксчин юм байна. Пасильяс 2021 оны нэгдүгээр сард WBA холбооны түр аваргын бүсийн төлөө тулалдан ТКО -оор ялагдсанаас хойш рингэнд гараагүй байгаа. Улмаар 2021 онд түр аваргын бүсийн төлөөх тулаанд ялагдсан энэ 2 боксчин халз тулалдахаар болжээ.

Сэтгэгдэл бичих