Өнгөрсөн 7 хоногт 152.2 мянган тонн нүүрс экспортлов

оруулсан Алсын Хараа

Манай улс энэ сарын 3-9-нд нийт 1146 автомашин, 350 вагон буюу 152.2 мянган тн нүүрс, 24 автомашин зэсийн баяжмал, 44 автомашин буюу 4.5 мянган тн төмрийн хүдрийн баяжмал экспортлов.

Төв банк оны эхнээс энэ сарын 9-ний өдрийн байдлаар 20.08 тн алт худалдан авсан нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 5.4 хувиар багассан байна. Харин өнгөрсөн хугацаанд 1,218.6 мянган тн зэсийн баяжмал экспортолсон нь өмнөх оны мөн үеийнхээс 3.5 хувиар багассан байна. Мөн 20,710.3 мянган тн нүүрс олборлож, оны эхнийнхээс энэ сарын 9-ний байдлаар 15,525.5 мянган тн-ыг экспортолжээ.

Оны эхнээс энэ сарын 8-ны өдрийн байдлаар 4,648.9 мян.бар газрын тос олборлож, 4,090.4 мян.бар газрын тос экспортолсон нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 565.1 мян.бар буюу 16 хувиар нэмэгдсэнийг УУХҮЯ мэдээлэв.

Улсын хэмжээнд энэ сарын 6-ны өдрийн байдлаар 113 195 тн шатахууны нөөцтэй байгаагаас А-80 автобензин 7,260 тн, АИ-92 автобензин 46,162 тн, ДТ 53,585 тн байна. Энэ нь улсын хэмжээнд АИ-92 /95,98/ автобензин 39, нийслэлийн хэмжээнд 54,151 тн буюу 25 хоногийн нөөцтэй байгаа гэсэн үг аж.

Сэтгэгдэл бичих