С.Энхболд: III тун Омикрон хувилбарын давлагаанд давуу тал болно

оруулсан Алсын Хараа

ЭМБ-ын Техникийн зөвлөх бүлэг ӨАБНУ-д шинээр бүртгэгдсэн “SARS-CoV-2” вирусийн “B.1.1.529” хувилбарыг“Омикрон” гэж нэрлэсэн. Одоогоор дэлхийн 50 гаруй улсад бүртгэгдээд байна. Тиймээс Эрүүл мэндийн сайд С.Энхболдоос "Омикрон" хувилбарын давлагаанд хэр бэлдэж байгаа талаар тодрууллаа.

Тэрээр "Бид цар тахалтай тэмцээд хоёр жил орчим болж байна. Энэ хугацаанд гурван давлагаанд өртлөө. Сүүлийнх нь дельта хувилбарын давлагаа байсан. Энэ нь хоёр дахь давлагааг бодвол тархалт өндөртэй байсан. Бид энэ үеийг бодоход хоёр тун вакцинтай, гурав дахь тунг тодорхой хэмжээнд хийж байгаа, эм, тариа, эмнэлгийн хэрэгслийн нөөцийг хангасан, байдалтай байна. Цаашдаа ч бэлэн байдлыг хангаж ажиллана.

Омикрон хувилбар одоогоор 50 гаруй оронд бүртгэгдсэн. Судалгаанаас харахад халдварлах чадвар нь өндөр ч гэсэн хоруу чанар багатай, эмнэл зүйн шинж тэмдэг багатай байна.

Манай улсын вакцины зорилтот бүлгийн иргэдийн 40 орчим хувь нь гурав дахь тундаа хамрагдсан байна. Энэ нь Омикрон хувилбарын давлагаанд бидний давуу тал болно" гэсэн юм.

Сэтгэгдэл бичих