Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Монгол Улсаас БНСУ-д суух Элчин сайд Н.Эрдэнэтуяа болон Пусан хотод суугаа Консул Ц.Өнөрзаяа нарт хариуцлага тооцон эгүүлэн татахаар болжээ.
Тэднийг БНСУ-д суралцдаг охиныг сургуулийнх нь хүүхдүүд ялгаварлан гадуурхаж, дээрэлхсэн хэргийг мэдээгүй болон бас бус шалтгаанаар хариуцлага тооцон эгүүлэн татах шийдвэр гаргасан байна.
Тодруулбал, Гадаад харилцааны яамнаас Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайд Н.Эрдэнэтуяаг эгүүлэн татах саналыг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд өнгөрсөн баасан гаригт хүргүүлжээ. Хэрвээ Ерөнхийлөгч уг саналыг хүлээж авбал, зарлиг гарган Элчин сайдыг эгүүлэн татах юм байна. Харин Консул Ц.Өнөрзаяаг эгүүлэн татах шийдвэрийг Төрийн албан зөвлөлийн салбар хуралдаанаар гаргасан бөгөөд Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга тушаал гаргаж, эгүүлэн татсан байна.
БНСУ дахь элчин сайд Н.Эрдэнэтуяаг өнгөрсөн оны тавдугаар сард томилсон бол Консул Ц.Өнөрзаяаг тус оны арванхоёрдугаар сард томилж байжээ.