Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газраас "E-Mongolia" системийн үйл ажиллагаа, цахим засаглалын суурь хуулиудын талаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр Эрүүл мэндийн сайд С.Энхболд эрүүл мэндийн үйлчилгээг цахимжуулах ажлын талаар мэдээлэл өглөө.
Эрүүл мэндийн сайд С.Энхболд: Эрүүл мэндийн салбарыг цахимжуулах ажил эрчимтэй явагдаж байна. Үүний хүрээнд эхний ээлжид энэ сараас эхлэн эрүүл мэндийн салбарын 9 төрлийн үйлчилгээг “E-Mongolia” системд нэвтрүүлсэн.
Тухайлбал, Эрүүл мэндийн яамны харъя 21 аймгийн нэгдсэн эмнэлэг, нийслэлийн есөн дүүргийн нэгдсэн эмнэлэг, “E-Health” програм ашигладаг анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлэгч 136 өрхийн эмнэлгийн үйлчилгээг авах боломжтой болсон. Ингэснээр иргэд, ялангуяа эрүүл мэндийн үйлчилгээ авахаар орон нутгаас нийслэлд ирж байгаа иргэд “E-Mongolia”-гаар дамжуулан дуртай эмнэлгийнхээ, хүссэн амбулатори, эмчид үзүүлэх цаг авах боломж нээгдсэн. Өнөөдрийн байдлаар 1700 гаруй иргэн “E-Mongolia”-гаар дамжуулан эмнэлэгт цаг авсан байна.
Мөн иргэд эмнэлэгт өгсөн шинжилгээний хариугаа “E-Mongolia”-гаас харах боломжтой болсон. Ингэснээр иргэд шинжилгээний хариугаа заавал эмнэлэгт өөрийн биеэр очиж авах шаардлагагүй болж, гар утаснаасаа хардаг болсноор цаг хугацаа зардлаа хэмнэх боломжтой болсон. Түүнчлэн иргэд вакцин болон олон улсын аялал жуулчлалын гэрчилгээг “E-Mongolia”-гаас авч болно.
Хамгийн гол нь, эмнэлгийн магадалгаа болон эрүүл мэндийн даатгалын лавлагааг “E-Mongolia” системд оруулсан. Өмнө нь иргэд эмнэлгээр зузаан карт авч явдаг байсан бол одоо бүх зүйл цахимжсан гэж ойлгож болно. Үүний зэрэгцээ иргэний эрүүл мэндийн мэдээллийн нууцлалын аюулгүй байдлыг хангах ажил давхар хангагдсан.