Засгийн газар, ХХААХҮЯ-наас хот суурин газар, нийслэлийн хүн амд зориулан махны нийлүүлэлтийг нэмэхээр “Өвлийн идэш” төвлөрсөн худалдааг үе шаттай зохион байгуулж байна.
Худалдаанд хөдөө орон нутгаас оролцож, эрүүл бүсээс, ариун цэврийн шаардлага хангасан мах бэлтгэн нийлүүлж байгаагийн нэг жишээ бол Говь-Алтай аймаг гэдгийг тус яам мэдээлэв. Тус аймаг “Хүнсний хүргэлт” үйл ажиллагааг 2 дахь удаа зохион байгуулж, элдэв хаягдалгүй, эрүүл ахуйн шаардлага хангасан, гарал үүсэл нь баталгаатай мах бэлтгэн нийлүүлж байна. Тухайн бүтээгдэхүүний шошго дээрх QR кодыг нь уншуулснаар аль аймгийн хэн гэдэг малчны хотоос гарал үүсэлтэй, хэрхэн бэлтгэж, тээвэрлэн, хэрэглэгч танд хүрч буйг баталгаажуулсан мэдээллийг харах боломжтой аж.
Махны төвлөрсөн эхний худалдааг 11 дүгээр сарын 25-наас 12 дугаар сарын 5-ныг дуустал Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулсан бол 2 дахь үе шатыг энэ сарын 6-наас 20-ны өдрийг дуустал Тэнгэр бөөний худалдааны төв, Тусгаар тогтнолын талбай, Фүүд сити худалдааны төвд үргэлжлүүлэн зохион байгуулж, махны нийлүүлэлтийг нэмж байна.