Ховд аймгийн Дөргөн сумын Өгөөмөр багийн иргэн Ц.Э эрэгтэй, 38 настай. Агваш арлаар мотоциклтой гэр рүүгээ явж байгаад нууранд осолджээ.
Ховд аймгийн нутагт орших Хар-Ус нуурын сав газар, Агваш арал нь Дөргөн сумын төвөөс 5 орчим км зайд бий.
Ослын дуудлагаар Ховд аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн найман алба хаагч, нэг техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, осолдсон иргэний цогцсыг нуураас гарган, Цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна.
Сүүлийн үeд иргэд нуурын мөсөн дээгүүр явж амь, эд хөрөнгөөрөө хохирох тохиолдол удаа дараа гарч байгаа аж. Одоогийн байдлаар энэ төрлийн гурван тохиолдол бүртгэгдэж, нэг хүний амь эрсэдсэн мэдээлэл байна.
Цаг агаарын төлөв байдлаас шалтгаалан гол, нуурын ус бүрэн хөлдөөгүй байгаа энэ үед иргэд зам товчлох байдлаар мөсөн дээгүүр зорчихгүй байхыг Ховд аймгийн Онцгой байдлын газраас анхаарууллаа.
2021 оны 12 дугаар сарын 1‑ний өдрийн байдлаар Ховд голын мөсний зузаан 20 см, Дунд цэнхэр голын мөсний зузаан 25 см, Долооннуур голын мөсний зузаан 25 см байна. Харин Хар-Ус нуурын мөсний зузаан 39 см хүрч, мөсөн бүрхүүл тогтсон.
Буянт, Булган, Чоно-Харайх, Төгрөг гол мөсөн зах, дунд зэргийн зайртай байна. Хэдийгээр зарим гол, нуурын мөс улам зузаарах хандлагатай байгаа боловч мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй байна.