Б.Мөнхжин: Замын-Үүд-Эрээн боомтын чингэлэг тээвэр маргааш эхэлнэ

оруулсан Алсын Хараа

Замын-Үүд-Эрээн боомтын хилийн тэг цэгт ачаа шилжүүлэн ачих чингэлэг тээврийг маргаашаас эхлүүлэх бэлтгэл хангагдсан талаар ГХ-ны дэд сайд Б.Мөнхжин өнөөдөр мэдээлэв.

Тэрбээр, "Өчигдөр ГХЯ болон бусад төрийн байгууллага, Замын-Үүдэд суугаа Эрээн хотын Ерөнхий консулын газрын төлөөлөгчдийн хамт чингэлэг тээврийн туршилтыг газар дээр нь шалгалаа. Хятад талаас чингэлэг оруулж ирээд, манай талаас калмараар өргөж буулгах логистикийн талбайг бэлдсэн. Хоёр тал 11 дүгээр сарын 15-наас 20 хоногийн дотор бэлтгэлээ хангахаар тохирсон тул эцсийн байдлаар өчигдөр шалгасан юм. Бэлтгэл бүрэн хангагдсан бөгөөд өнөөдөр бичиг цаасны ажил дууссанаар, маргааш автозамын тээвэр эхэлнэ" хэмээв.

Ингэхдээ, маргааш БНХАУ-ын Эрээн хотод коронавирус илрэхээс өмнө Монголоос тэнд очсон 150 гаруй ачаатай байгаа автомашиныг нэвтрүүлэх ажлыг зохион байгуулах юм байна. Улмаар чингэлэг тээврийн горим руу шилжих аж. Ингэснээр, Замын-Үүд-Эрээн боомтын ачаа тээврийн урсгал хэвийн горимд орно гэдгийг ГХ-ны дэд сайд Б.Мөнхжин тэмдэглэлээ.

Сэтгэгдэл бичих