ДЭМБ: “Омикрон” хувилбар 57 улс оронд илрээд байна

оруулсан Алсын Хараа

/Anadolu/. Коронавирусний шинэ “омикрон”  хувилбар 57 улс оронд илрээд байна гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ лхагва гарагт мэдээллээ.

“Шинэ хувилбарын өвчтөнүүдийн биеийн байдлыг хүндрүүлэх эрсдэл нь “дельта”-гийнхтай тэнцүү, цаашлаад бага байсан ч олон хүн халдвар авсан тохиолдолд эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгсдийн тоо нэмэгдэх төлөвтэй байна. Харин өвчлөл, нас барсан тохиолдлын өсөлтийн холбоо хамаарлыг тогтооход хугацаа шаардлагатай” гэж ДЭМБ долоо хоног тутмын тайландаа тэмдэглэжээ.

Мөн “омикрон” хувилбар вакцины үйлчлэлийг бууруулах эсэхэд дүгнэлт хийхэд нэмэлт мэдээлэл шаардлагатай байгааг дурдаад, вакцины үр дүнгийн судалгаанууд нь халдвар авах, хүндээр өвчлөхөөс хэрхэн хамгаалахыг нь тогтооход амин чухал ач холбогдолтой гэдгийг онцолсон байна.

“Омикрон” нь ДЭМБ-ын “анхааралдаа авах” хувилбаруудын ангилалд багтсан “SARS-CoV-2” вирусний тав дахь хувилбар юм. Өмнө нь энэ ангилалд “альфа”, “бета”, “гамма”, “дельта” хувилбарыг оруулжээ.

“Омикрон” анх 11 дүгээр сарын 9-нд илэрсэн

ДЭМБ-ын мэдээлснээр, “омикрон” хувилбарын лабораториор батлагдсан анхны тохиолдол Өмнөд Африкт 11 дүгээр сарын 9-нд цуглуулсан сорьцоос илэрсэн бөгөөд энэ талаарх мэдээлэл 11 дүгээр сарын 24-нд анх иржээ.

Дэлхийн хэмжээнд 11 дүгээр сарын 29-нөөс 12 дугаар сарын 5-нд халдварын тохиолдлын тоо өмнөх долоо хоногийнхоос нэг их өөрчлөгдөөгүй бөгөөд дөрвөн сая гаруй тохиолдол илэрчээ. Харин нас барсан тохиолдлын тоо 10 хувиар өсөж, 52500 хүн нас баржээ. Ингэснээр уг халдварын улмаас нас барсан нийт тохиолдлын тоо 5.2 сая давсан байна.

Нийт 53 орныг хамардаг Европын бүсэд 100 мянган хүн тутамд долоо хоногт бүртгэгдсэн халдварын тохиолдлын тоо хамгийн өндөр буюу 288 байгаа бол түүний араас Америкийн бүс /91.4/ бичигдэж байна. Түүнчлэн эдгээр бүсэд 100 мянган хүнд ногдох нас барсан тохиолдлын тоо хамгийн өндөр байгаагаас Европт 3.1, Америкт 1.3 байна.

“COVID-19” халдварын улмаас долоо хоногт хамгийн олон хүн нас барсан орнуудын жагсаалтад ОХУ дахин хамгийн эхэнд бичигджээ. Өнгөрсөн долоо хоногт тус улсад 8523 хүн нас барсан нь 100 мянган хүн тутамд 5.8 тохиолдол бүртгэгдсэн гэсэн үг юм. Тус улсын араас Украин /3163/, Польш /2636/ жагссан байна.

ДЭМБ-ын мэдээллээр, Өмнөд Африкт “COVID-19”-өөр халдварласан тохиолдлын тоо 12 дугаар сарын 5-наас өмнөх долоо хоногт хоёр дахин нэмэгдэж, 62 мянга давжээ. Мөн тус улстай хөрш залгаа оршдог Эсватини, Зимбабве, Мозамбик, Намиби, Лесотод “COVID-19”-ийн өвчлөл нэмэгдсэн байдал ажиглагдсан байна.

Сэтгэгдэл бичих