/BBC/. АНУ-ын “Pfizer”, Германы “BioNTech” компанийн “COVID-19”-ийн вакцин шинэ “омикрон” хувилбарын эсрэг нааштай үр дүн үзүүлсэн талаар тус компаниуд мэдээллээ.
Тодруулбал, вакцины гурван тунгийн “омикрон”-ы эсрэг үйлчлэх эсрэг биетийн түвшин бусад хувилбаруудын эсрэг хоёр тунгийнхтай ижил байсныг судалгаагаар тогтоожээ.
Саяхан Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ одоогоор хэрэглэж буй вакцинууд “омикрон” хувилбараар халдварлан хүндээр өвчлөхөөс сэргийлэх ёстой гэж мэдэгдсэн юм.
Дэлхий дахины эрдэмтэд “омикрон”-ы талаар үргэлжлүүлэн судалсаар байгаа бөгөөд энэ нь одоогоор илэрсэн хамгийн их мутацид орсон хувилбарт тооцогдож байна.
“Pfizer”-ын гүйцэтгэх захирал Альберт Бурла лхагва гарагт хийсэн мэдэгдэлдээ гурав дахь тунг тариулснаар “омикрон”-ы эсрэг вакцины үйлчлэл нэмэгдэнэ гэсэн байна.
“Аль болох олон хүнийг хоёр тунд бүрэн хамруулж, улмаар нэмэлт тунг тарих нь “COVID-19” халдварын тархалтаас урьдчилан сэргийлэхэд хамгийн үр дүнтэй” гэж тэрбээр хэлжээ.
Гэхдээ “Pfizer”, “BioNTech” судалгааны үр дүн урьдчилсан байдлаар гараад байгааг онцлоод, цаашид холбогдох судалгааг үргэлжлүүлэн хийж бодит байдал дээр үнэлгээ хийнэ гэж мэдэгдсэн байна.
Мөн эдгээр компани нь “омикрон”-д зориулсан тусгай вакциныг гарган авахаар ажиллаж байгаа бөгөөд 100 хоногийн дотор бэлэн болно гэдгийг мэдээлжээ.
“Pfizer/BioNTech” болон Өмнөд Африкт хийсэн судалгааны аль аль нь уг вакцины “омикрон”-ыг саармагжуулах эсрэг биет анхны коронавирусийнхээс буурч болзошгүй байгааг харуулсан байна.