ХӨСҮТ-д 33 мянган ам.доллларын мэс заслын амны хаалт хандивлав

оруулсан Алсын Хараа

ХБНГУ-ын Элчин сайдын яам, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас Халдварт өвчин судлалын үндэсний төвд хандивын 105 мянган мэс заслын амны хаалтыг хүлээлгэн өгөв.

Энэ үеэр  ХӨСҮТ-ийн ерөнхий захирал  Ц.Билэгтсайхан 2021 оны Ковидын нөхцөл байдлын талаар мэдээлэл өгч, ДЭМБ болон Эрүүл мэндийн сайдын 734 дүгээр зөвлөмж дагуу халдварт өвчинтэй тэмцэх ажиллагааг хийсээр байна гэдгээ онцлов.

ХБНГУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны Хэргийг түр хамаарагч  Регина Рутенберг, “ХБНГУ нь “Ковид-19” цар тахлын үед санхүүжилтийн хувьд идэвхтэй ажиллаж байна. Герман улс өнгөрсөн хугацаанд Ковакс хөтөлбөрт нийт нэг тэрбум еврог зарцуулсан бөгөөд тус хөтөлбөрт Монгол Улс 2021 оны эхээр хамрагдсан билээ. Өнөөдөр бид бүхэн ХӨСҮТ-д нийт 33 мянган ам. долларын хандивыг гардуулж байна” гэв.

ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Сергей Диордица, “ Ковид-19 цар тахлын эхэн үеэс тасралтгүй ажиллаж буй ХӨСҮТ-д талархал илэрхийлж байна. 2020 оны эхэн үед халдвар хамгааллын дэглэм хамгийн чухал байсан үед яаралтай түргэн тусламжийн сургах багийг Герман улсаас Монгол руу илгээсэн.  “Ковид-19” цар тахлын эхэн үеэс ДЭМБ халдвар хамгааллын дэглэмийн гол зөвлөмжүүдийг өгсөөр ирсэн. Цаашид ч дэмжин ажиллана” гэдгээ илэрхийлэв.

Энэхүү үйл ажиллагаанд ХӨСҮТ-ын Халдварт өвчний тандалт, сэргийлэлт эрхэлсэн дэд захирал Ж.Байгалмаа, Эмнэлгийн тусламж, үйлчилгээ эрхэлсэн дэд захирал Ц. Чинбаяр болон бусад албаны хүмүүс оролцов.

Сэтгэгдэл бичих