МАН-ын 30 дугаар их хурал "Улаанбаатар палас"-ын танхимд хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Хурлаар 10 асуудал хэлэлцэхээр төлөвлөсний 9-ийг нь хэлэлцэж шийдвэр гаргаад байгаа тухай тус хурлын дарга, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн өнөөдөр мэдээлэв.
Өчигдөр үдээс хойш МАН-ын даргыг сонгох асуудлыг хэлэлцсэн. Ингээд, намын даргын үүрэг гүйцэтгэж байсан, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг нэр дэвшүүлж, намын даргаар сонгохыг хуралд оролцсон төлөөлөгчдийн 99.67 хувь нь дэмжжээ. Ингэснээр, тэрбээр МАН-ын 30 дахь Их хурлаар сонгогдсон буюу 30 дахь дарга болж байгааг мэдээллийн эхэнд тодотголоо.
УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, хурлаар хэлэлцэн баталсан долоон тогтоолыг танилцуулав. Тухайлбал, намын даргын танилцуулсан "Шинэ сэргэлтийн бодлого"-той холбоотой хоёр тогтоол баталжээ. Түүний нэг тогтоолд, МАН-ын 100 жилийн ой, өнгөрсөн хугацаанд гүйцэтгэсэн үүрэг, цаашид тавьж буй зорилтыг тусгасан. Мөн Шинэ сэргэлтийн бодлогын тухай 9 заалт бүхий тогтоолыг баталжээ. Тус тогтоолоор УИХ, Засгийн газарт чиглэл өгч, намын даргын илтгэлд дурдсан эдийн засгаа сайжруулах 6 зорилтыг дэвшүүлж байгаа аж.
Гуравдугаарт, намын хяналтын хорооны тайлантай танилцаж, үр дүнг сайшаасан тогтоол баталжээ. Дөрөвдүгээрт, намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалангийн танилцуулсан өмнөх их хурлаас хойших Бага хурал, Удирдах зөвлөлийн тайланг хэлэлцэж, дөрвөн тогтоол баталсан байна. Тэдгээр тогтоолд, МАН цахим нам болохын зэрэгцээ УИХ, орон нутаг, Ерөнхийлөгчийн сонгуульд амжилттай оролцсон дүнг сайшаасан тухай тусгав.
Мөн Ерөнхий нарийн бичгийн даргын илтгэлтэй холбогдуулан гурван тогтоол баталсан. Тодруулбал, намаас улс төрийн албан тушаалд томилогдсон хүний сахилга, хариуцлагыг дээшлүүлэх тухай тогтоол баталжээ. Тус намаас улс төрийн албан тушаалд томилогдсон 2000 гаруй албан хаагч байдаг аж. Мөн Хүний эрхийг хамгаалах хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгохтой холбоотой тогтоолыг хэлэлцэн баталсан байна. Түүнээс гадна Авлигын эсрэг дэвшилтэт бодлого гэсэн илтгэлтэй холбогдуулан тогтоол батлав.
УИХ-ын даргын хэлэлцүүлсэн "Парламентын засаглалыг төгөлдөршүүлэх нь" сэдэвт илтгэлтэй холбоотой тусгайлсан тогтоол гаргасан. Мөн МАН албан ёсоор социал демократ хөтөлбөрийг намын онол, суртахууныг гол үндэс болгон төлөөлөгчдийн олонхын саналаар мөрийн хөтөлбөрөө шинэчилсэн байна.
Тус их хурлаар намын дүрэмд өөрчлөлт оруулсан байна. Тухайлбал, цахим нам болж байгаатай холбогдуулан цахим харилцааг зохицуулсан бүлэг асуудлыг дүрэмд тусгажээ. Түүнчлэн сахилга, хариуцлагыг дээшлүүлэх зорилгоор авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон хүнийг намын гишүүнээс түдгэлзүүлэх асуудал багтсан байна. Хэрэв шүүхийн шийдвэрээр авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон нь тогтоогдож ял авсан тохиолдолд намын гишүүнээс бүр мөсөн хассанд тооцохоор заажээ.