Н.Түвшинбаярыг 5-12 жилийн хорих ялаар зүйлчилжээ

оруулсан Алсын Хараа

Олимпийн аварга Н.Түвшинбаярт холбогдох хэргийг шүүхэд шилжүүлжээ. Энэ талаар УЕПГ-ын Олон нийттэй харилцах албанаас тодруулахад "Н.Түвшинбаярт холбогдох хэргийг Хан-Уул дүүргийн прокурорын газраас хянаж, 2021 оны арванхоёрдугаар сарын 1-ний өдөр шүүхэд шилжүүлсэн" гэв. Тодруулбал, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн хоёр дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн, тус дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлэхээр шийдвэрлэсэн байна. Энэ зүйл анги 5-12 жилийн хорих ял оногдуулах зохицуулалттайг албаныхан мэдээллээ.

Н.Түвшинбаяр нь дөрөвдүгээр сарын 2-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Э.Энхбатыг тодорхойгүй шалтгаанаар зодож, гавлын ясны үргэлжилсэн хугарал бүхий хүнд гэмтэл санаатай учруулсан. Э.Энхбат Өмнөд Солонгост эмчлүүлж буй бөгөөд биеийн байдал нь дээрдэхгүй, эмчилгээний зардал нь хүрэхгүй байгаа тул эмчилгээ нь зогсонги байдалд орсон гэж өмгөөлөгч нь мэдээлсэн удаатай.

Н.Түвшинбаярын хувьд өнгөрсөн тавдугаар сарын 20-ны өдөр суллагдаж, гадуур байцаалт өгч байсан. Гадуур байцаалт өгөх хугацаандаа тэрбээр Монголын үндэсний олимпийн хороогоор орж, ажилдаа эргэн орсноо мэдэгдэж, түүний нарийн бичгийн дарга олимпийн хорооны тамгыг авч зугтсан хэрэг гарсан. Гэвч МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүд хуралдаж, Н.Түвшинбаярыг үүрэгт ажлаас нь түдгэлзүүлсэн юм. Удалгүй Н.Түвшинбаяр авч явсан тамгаа эргүүлэн өгснийг мэдэгдсэн билээ.

Түүнд холбогдох эрүүгийн хэргийг шийдвэрлэж дуустал Монгол Улсын хилээр гарахыг хориглосон юм.

Сэтгэгдэл бичих