Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр /2021.12.03/ коронавируст цар тахлын нөхцөл байдлын талаар цаг үеийн мэдээллийг өглөө.
Энэ үеэр ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Ц.Билэгтсайхан COVID-19 вирусийн хувилбарыг хэрхэн шинжилж, тогтоодог талаар тайлбар мэдээлэл өгсөн юм.
Тэрбээр “2021 он гарсаар бид гурван давлагаатай нүүр тулсан байна. Эхний давлагаанд хэд хэдэн хувилбарууд тодорхойлогдсон. Тухайлбал зөөвөрлөгдсөн вирусууд дотор B.1.1.294 болон өөр гурван төрлийн вирус тодорхойлогдож байсан. Энэ давлагааны үед дотоодын халдварыг B1.1.46 гэх вирус үүсгэж байсан.
Хоёрдугаар давлагаанд альфа вирус голчлон тархаж байсан бол гуравдугаар давлагаанд дельта вирус голлон халдварыг үүсгэж байсан. Энэ мэт хувилбарын тандалт манай төвд хийгддэг гэсэн үг.
Хувилбарын тандалтыг хэд хэдэн аргаар хийдэг. PCR-т түшиглээд альфа болон дельта гэх мэт хувилбаруудыг оношилдог. Омикрон гэх шинэ хувилбарын хувьд бол мөн л PCR-аар оношилдог. Ингэхдээ S уургийн алдагдал гэх шинжээр оношилдог байгаа. Хувилбарын тандалтын өөр нэг арга нь вирусийн генийн дарааллыг уншиж, тодорхойлж болдог. Ингэж хоёр аргаар хувилбарын тандалт хийсний дараа хооронд нь харьцуулдаг” гэсэн юм.
Харин гадаадаас ирж буй зорчигчдоос шинжилгээ авч, хувилбарын тандалт хийж буй талаар “Вирусийн шинэ хувилбар дэлхий нийтэд тархсантай уялдуулаад УОК-ийн 29 дүгээр хуралдаан, Эрүүл мэндийн сайдын А-734, мөн манай ХӨСҮТ-ийн захирлын хилийн тандалтын үйл ажиллагааг шинэчилсэн шатанд гаргах чиглэлийн тушаал тус гарсан. Тэгэхээр энэ чиглэл рүү хилийн тандалтаа хийх, тусгаарлах үйл ажиллагааг хийх талаар зохицуулж байгаа.
Тухайлбал, Нисэх онгоцны буудал дахь хилийн тандалтад ХӨСҮТ-ийн баг арван нэгдүгээр сарын 27-ноос эхэлж ажилласан. Энэ өдрөөс хойш өнөөдрийн хүртэл 10 гаруй онгоцоор 1400 гаруй зорчигч ирсэн байна.
Эдгээр зорчигчдоос бид хилийн нэвтрүүлэх цэг дээр түргэвчилсэн шинжилгээ авч байгаа. Ингээд үзэхэд 1400 гаруй зорчигчоос түргэвчилсэн шинжилгээгээр дөрвөн эерэг тохиолдол бүртгэгдсэн. Энэхүү эерэг гарсан дөрвөн иргэнийг ХӨСҮТ-рүү тусгаарлаж дараагийн шатны арга хэмжээ болох PCR-ийн шинжилгээг авсан.Улмаар PCR-аар хоёр нь эерэг болох нь батлагдсан. Үүний дараа бид вирусийн ямар хувилбар болохыг нь судалдаг. Энэхүү тандан судлалтыг хувилбарын тандалт гэж яриж хэвшсэн байгаа. Батлагдсан хоёр тохиолдолд хувилбарын тандалт хийхэд хоёулаа дельта хувилбар болох нь тодорхойлогдсон” гэлээ.