Маргааш нар бүтэн хиртэнэ

оруулсан Алсын Хараа

Нар хиртэх байгалийн үзэгдэл нь Улаанбаатарын цагаар 13.29 цагт эхлээд 17.37 цагт дуусах ч Монголд хиртэлтийн хэсэгчилсэн үе шатууд ажиглагдахгүйг ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэн мэдээллээ. Хиртэлтийн гол зурвас Номхон далай, Атлантын далай, Антарктид тивээр дайран өнгөрнө. Бүтэн фазын хамгийн их үргэлжлэх хугацаа 1 минут 54 сек бөгөөд мөстсөн тивийн цөөн судлаач энэхүү хиртэлтийг ажиглах боломжтой. Нар хиртэлтийн хэсэгчилсэн үе шатууд Африкийн өмнөд хэсэг, Австралийн өмнөд хэсэгт ажиглагдах аж.

Манай оронд нарны бүтэн хиртэлт хэд хэдэн удаа ажиглагдсан.Тухайлбал, 1997 оны 3-р сарын 9-нд нутгийн хойт хэсгээр, 2006 оны 3-р сарын 29-нд Хөвсгөл нуур орчимд, 2008 оны 8-р сарын 1-нд Баян-Өлгий, Ховд аймгийн баруун хэсгээр нар бүтэн хиртжээ.

Харин манай оронд ажиглагдах нарны дараагийн бүтэн хиртэлт 2063 оны 8-р сарын 24-нд Өмнөговь аймгийн нутгаар дайрч өнгөрнө. Байгалийн сонирхолтой үзэгдлийн нэг болох нарны хиртэлт нь сарны хавтгай нарыг халхалж конус хэлбэрийн сүүдэр дэлхийн гадаргуутай огтлолцсоноос үүсдэг байна. Өөрөөр хэлбэл нар, сар, дэлхий гурав дурьдсан дарааллаар нэг шугам дээр байрлахад энэ үзэгдэл тохиох аж.

Сэтгэгдэл бичих