УИХ-ын гишүүн асан Д.Хаянхярваа нарт холбогдох эрүүгийн хэргийн улмаас учирсан нийт 500.000 ам.доллар, 377.000.000 төгрөгийг төрийн сангийн дансанд төвлөрүүлж, улсын орлого болгоно гэж АТГ-ын цахим хуудсанд мэдээлжээ.
Тус газрын Мөрдөн шалгах хэлтсээс явуулсан хэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад Д.Хаянхярваагаас 315 мянган ам.доллар, 210 сая төгрөг, Ш.Уртнасангаас 150 мянган ам.доллар, 65 сая төгрөг, Ш.Доржрагчаагаас 35 мянган ам.доллар, 10 сая төгрөг, иргэн Б.С-аас 92 сая төгрөгийг тус тус эд мөрийн баримтаар хураан авсан юм. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Д.Хаянхярваа нарт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, шүүгчдэгч нарын гэмт хэрэг үйлдэж олсон мөнгийг улсын орлого болгохоор шийдвэрлэсэн.
АТГ-аас мөрдөн шалгах ажиллагааны явцад нийт 500 мянган ам.доллар, 377 сая төгрөгийг хураан авч, төрийн зөрчигдсөн эрхийг сэргээх нөхцөлийг бүрдүүлсэн. Иймд шүүхийн шийдвэрийн дагуу АТГ-аас дээрх хураан авсан хөрөнгийг Сангийн яамны Төрийн сан дахь төсвийн орлогын дансанд шилжүүлэх ажээ.
АТГ нь энэ онд хууль бус хөрөнгийг илрүүлэх, хулгайлагдсан хөрөнгийг буцаах чиглэлээр мөрдөн шалгах ажлыг эрчимжүүлсэн бөгөөд одоогоор авлигын гэмт хэргийн улмаас учирсан 92.4 тэрбум төгрөгийн хохирлыг улсын төсөвт нөхөн төлүүлээд байна.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс энэ сарын 2-нд гаргасан шийдвэрээр Д.Хаянхярвааг 40 сая төгрөгөөр торгох, нийтийн албанд томилогдох эрхийг нь 8 жил хасах, зорчих эрхийг 5 сар хязгаарлах ял оноосон юм.