/Reuters/. Энэтхэгт коронавирусний “омикрон” хувилбараар халдварласан анхны хоёр тохиолдол илэрсэн талаар тус улсын Эрүүл мэндийн яамны өндөр албан тушаалтан Лав Агарвал пүрэв гарагт мэдэгджээ.
Тодруулбал, өмнөд нутгийн Карнатака мужид хоёр эрэгтэйгээс шинэ хувилбар илэрсэн байна. Тэдний нэг нь Өмнөд Африкийн 66 настай иргэн бол нөгөө нь 46 настай орон нутгийн эмч гэж Карнатака мужийн Эрүүл мэндийн сайд К Судхакар сэтгүүлчдэд мэдээлжээ.
Хилийн чанадад ойрын хугацаанд зорчоогүй эмнэлгийн ажилтнаас халдвар илэрсэн талаар Карнатакагийн нийслэл Бенгалор хотын засаг захиргааны төлөөлөгч өмнө нь мэдээлээд байжээ. Л.Агарвалын мэдээлснээр, шинэ хувилбар илэрсэн хүмүүстэй ойр байсан бүх хүнийг тогтоож, шинжилгээнд хамруулж байгаа ажээ.
Одоогоор эмчтэй ойр байсан таван хүний шинжилгээний хариу эерэг гараад байгаа бөгөөд тэднийг Засгийн газрын эмнэлэгт тусгаарлаж байгаа юм байна. Харин Өмнөд Африкийн иргэний ойрын хавьтал 200 гаруй хүний шинжилгээний хариу сөрөг гарчээ. “Омикрон”-оор халдварласан хоёр эрэгтэй хоёул “COVID-19”-ийн вакцины хоёр тунд хамрагдсан байсан гэдгийг К.Судхакар мэдээлжээ.
Өнгөрсөн ням гарагт Энэтхэгийн эрх баригчид “омикрон” хувилбартай холбогдуулан зорчих хөдөлгөөний удирдамжаа шинэчилж, 12 дугаар сараас эхлэн хилээр нэвтрэх гадаадын бүх иргэн сүүлийн 14 хоногт зорчсон улс орнуудын мэдээлэл, мөн 72 цагийн дотор өгсөн “PCR” шинжилгээний хариугаа сөрөг гарсныг батлах шаардлагатай болжээ. Мөн “эрсдэлтэй” орнуудаас ирэх иргэдэд нэмэлт шаардлагуудыг тавих ажээ.