УИХ-ын дарга Г.Занданшатар энэ өдөр БНЭУ-ын Ерөнхийлөгч Рам Натх Ковинд бараалхлаа.
Бараалхалтын үеэр тэрбээр “Энэтхэг Улс бол манай оюун санааны хөрш бөгөөд нэн чухал стратегийн түнш билээ. Манай хоёр ард түмэн хэдий газарзүйн байршлын хувьд хол оршдог ч түүх соёлын ижил төсөөтэй зүйлсээр уламжлагдсан оюун санааны хэлхээ холбоо маань биднийг ямагт ойр дотно нөхөрлүүлж ирсэн. Монголын ард түмэн Энэтхэг Улсыг Бурхны орон хэмээн хүндэтгэж ирсэн. Монгол Улс Энэтхэг Улстай тогтоосон стратегийн түншлэлийн харилцаагаа улам гүнзгийрүүлэн бэхжүүлэхийн төлөө байна. Эрхэмсэг ноён Ерөнхийлөгч Таныг манай оронд морилон айлчлахыг урья” гэв.
Монгол, Энэтхэгийн хууль тогтоох дээд байгууллагууд хамтын ажиллагааны сайхан уламжлалтай. Миний энэ удаагийн айлчлал манай хоёр орны “Стратегийн түншлэл”-ийг гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд болон парламент хоорондын хэлхээ холбоог өргөжүүлэхэд чухал ач холбогдолтой болно гэдэгт итгэлтэй байна.
БНЭУ-ын Ерөнхий сайд Нарендра Моди Монголд 2015 онд айлчилсан нь Монгол, Энэтхэгийн харилцааг шинэ шатанд гаргасан бөгөөд хамтын ажиллагааны бэлгэ тэмдэг болсон Газрын тосны үйлдвэрийн төслийг эхлүүлэх гараа болсон билээ. Энэхүү төслийг амжилттай хэрэгжүүлэх чиглэлд хоёр тал нягт хамтран ажиллаж байгааг Таны сонорт хүргэхэд таатай байна гэж УИХ-ын дарга Г.Занданшатар хэлэв.
Тэрбээр энэ онд Монгол Улс НҮБ-д элссэний түүхт 60 жилийн ой тохиож байгааг дурдаад, тэртээ 1961 онд Монгол Улсыг НҮБ-д гишүүнээр элсэхэд Энэтхэг Улсын зүгээс идэвхтэй дэмжсэнийг Монголын ард түмэн ямагт санаж явдаг. Олон улсын тавцанд харилцан бие биеэ дэмжиж ирсэн энэхүү сайхан уламжлалаа цаашид ч үргэлжлүүлэн хадгалахын төлөө байна гэв.
БНЭУ-ын Ерөнхийлөгч Рам Натх Ковин УИХ-ын дарга Г.Занданшатарыг хүлээн авч уулзаж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлээд, “БНЭУ, Монгол Улсын стратегийн түншлэлийн харилцааг улам гүнзгийрүүлэхэд Ерөнхийлөгчийн зүгээс дэмжиж, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд хичээн ажиллах болно. Харилцан айлчлалыг зохион байгуулахдаа таатай байх болно. Манай хоёр орон ардчилал, хүний эрх, эрх чөлөөг дээдлэх үнэт зүйлсээрээ нэгдмэл улс үндэстнүүд юм. Бид Монгол Улстай харилцаа, хамтын ажиллагаагаа хөгжүүлэх боломжуудыг эрэлхийлэн ажиллаж байна. Цар тахлын энэ амаргүй цаг үед харилцан бие биеэ дэмжин ажиллаж байгаад баяртай байна” гэв.
Хамтарсан сургууль, Монгол Цахиурын хөндий байгуулах, “Болливуд”-ын кино зураг авалтыг Монголд хийх зэрэг саналыг дэмжихээ илэрхийллээ