Италид 5-11 насны хүүхдүүдийг вакцинжуулахыг зөвшөөрчээ

оруулсан Алсын Хараа

/Bloomberg/. Италийн Эмийн хяналтын агентлаг /Aifa/ “Pfizer- BioNTech” компанийн “COVID-19”-ийн вакциныг 5-11 насны хүүхдүүдэд хэрэглэх зөвшөөрлийг лхагва гарагт олгожээ.

Өнгөрсөн сарын сүүлээр Европын Эмийн агентлаг уг вакциныг 5-11 насны хүүхдүүдэд хэрэглэх зөвлөмж гаргасан юм. Хүүхдүүдэд хоёр тунг гурван долоо хоногийн зайтай тарих ба насанд хүрэгчдэд тарьж байгаагаас гурав дахин бага тунтай байх ажээ. Ийнхүү хүүхдүүдийг вакцинжуулах хөтөлбөрийг энэ сарын сүүлээс эхлүүлэх төлөвтэй байна.

“Энэхүү вакцин нь өндөр үр дүн үзүүлж байгаа бөгөөд одоогоор аюулгүй байдалтай нь холбоотой ямар нэгэн анхааруулга байхгүй байна” гэж “Aifa”-гийн шинжлэх ухааны ажлын хэсгээс лхагва гаргийн орой гаргасан мэдэгдэлд цохон тэмдэглэжээ. Мөн вакцин хийлгэснээр хүүхдүүд сургуульдаа явж, амьдралын хэвийн хэмнэлээ үргэлжлүүлэх боломжтой гэдгийг онцолсон байна.

Италид сүүлийн үед коронавирусний халдварын тохиолдлын тоо дахин нэмэгдэх болоод байгаатай холбогдуулан Засгийн газар вакцинд хамрагдаагүй иргэдийг зоогийн газраар үйлчлүүлэхийг хориглох гэх мэт шинэ дүрэм журмыг танилцуулаад байгаа юм. Мөн иргэд ажилдаа явах, үйлчилгээний газраар үйлчлүүлэхдээ вакцинд хамрагдсан, халдвар аваад эдгэрсэн юм уу шинжилгээний хариугаа сөрөг гарсныг батлах шаардлагатай. Үүний зэрэгцээ Ром, Милан зэрэг олон хотод хүн ихтэй газрууд, хотын төвд амны хаалт заавал зүүх журмыг мөрдөж байна.

Сэтгэгдэл бичих