Х.Нямбаатар: Оюутолгой төслийн хэлэлцээр хэвийн үргэлжилж байгаа

оруулсан Алсын Хараа

Монгол Улсын Засгийн газар, "Рио Тинто" групптэй хийж буй Оюутолгой төслийн асуудлаарх хэлэлцээр хэвийн үргэлжилж байгааг ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар өнөөдөр мэдээлэв.

Тэрбээр УИХ-ын 92 дугаар тогтоолын хүрээнд Оюутолгой төслийн гэрээ хэлэлцээрийг сайжруулахаар Засгийн газраас байгуулсан ажлын багийн ахлагчаар ажиллаж буй юм.

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар, “Оюу толгой” компанийн өчигдөр ТУЗ хуралдсан тухай мэдээлэл бий. Тус хурлаас далд уурхайн бүтээн байгуулалтын ажлыг зогсоохгүй байх үүднээс 75 сая ам.долларын нэмэлт санхүүжилт баталсан байна. Энэ хуралд Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж ТУЗ-д байгаа 3 гишүүн оролцоогүй. Ажлын баг болон Рио Тинтогийн хэлэлцээр хэвийн үргэлжилж байгаа бөгөөд зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан шиг зогссон, гацсан асуудал байхгүй. Хамгийн сүүлд өнгөрсөн долоо хоногийн бүтэн сайн өдөр хоёр талын ажлын баг уулзсан. Энэ уулзалтаар хэлэлцээрээ цаашид үргэлжлүүлэхийн тулд Рио Тинтогоос Монгол Улсын Засгийн газарт тавих бүх саналаа албажуулж өгөх хэрэгтэйг хэлсэн. Ажлын баг уг саналыг нь “Оюу толгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” УИХ-ын 2019 оны 92 дугаар тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих, шаардлагатай бол санал боловсруулж, дүнг нэгдсэн хуралдаанд танилцуулах үүрэг бүхий Түр хороонд танилцуулж, улс төрийн шийдвэр гаргах нь зүйтэй гэж үзэж байгаа. Рио Тинто энэ долоо хоногт багтаж бүх саналд хариу өгнө гэдэгт итгэлтэй байгаа. Ажлын багаас Ерөнхий сайдын өгсөн чиглэлийн дагуу өнөөгийн Монгол Улсын 34 хувьд ногдох 2.3 тэрбум ам.долларын өрийг тэглэх санал тавьсан байгаа. Энэ өр ирээдүйд 22 тэрбум ам.долларт хүрэх нөхцөл байдалтай байгаа. Мөн ногдол ашгийг наашлуулах, Далд уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөө гэх баримт бичгийг хүчингүй болгох, засаглалыг сайжруулах санал тавьсан. Тухайлбал, “Эрдэнэс Оюутолгой” компани Оюутолгой төслөөс нэг ч удаа санхүүжилт аваагүй бөгөөд Эрдэнэс Монголд өр үүсгэж, үйл ажиллагааны зардлаа гаргаж байгаа. Тэгэхээр уг компанийн менежментийн төлбөрийг Оюутолгой төслөөс өгдөг болох зэрэг асуудалд хоёр талын ажлын баг ойлголцолд хүрэх шатанд яваа. Эрчим хүчний төслийн талаар ойлголцолд хүрч, гарын үсэг зурах үлдсэн. Эдгээр асуудлыг шийдсэний дараа далд уурхайн бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалтын зардал нэмэгдсэн асуудлыг цогцоор нь ярих ёстой гэсэн байр суурийг илэрхийлсэн” гэлээ.

Сэтгэгдэл бичих