Бүгд Найрамдах Казахстан Улсаас энэ сарын 14-ний өдөр Цагааннуур боомтоор дамжин орж ирсэн нэгэн иргэнээс коронавирусний халдварын сэжиг илэрчээ.
Тухайн иргэн 21 настай бөгөөд Казахстан Улсын Астана, Павлодар чиглэлээр зорчин иржээ. Сэжиг бүхий иргэнийг харьцсан хүмүүсийн хамт тусгаарласан бөгөөд биеийн халуун нь 38-39 градус хүрч байгаа аж.
Мэргэжлийн байгууллагууд сэжиг илэрсэн иргэнээс шинжилгээний сорьц авч, өнөөдөр өглөө 05:00 цагийн үед Улаанбаатар хотын ХӨСҮТ рүү газрын унаагаар явуулжээ .
Дээрх нөхцөл байдалтай холбогдуулан аймгийн Засаг даргын захирамжаар Баян-Өлгий аймгаас гарах хөдөлгөөнийг зогсоосон шийдвэрийг шинжилгээний хариу гарах хүртэл хугацаагаар сунгалаа.