БНХАУ коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх, хянах туршлагатай тул өвлийн олимпыг хуваарийн дагуу саадгүй зохион байгуулна гэдэгтээ итгэлтэй байгаа аж.
Коронавируст халдварын мутацлагдсан хувилбар болох омикрон одоогоор 19 оронд бүртгэгдээд байна. Хамгийн сүүлд Японд бүртгэгдсэний дараа тус улс нэг сарын хугацаатай хилээ хаах шийдвэр гаргав. Мөн Швейцарын Люцерн хотноо энэ сарын 11-нд эхлэх байсан өвлийн Универсиад наадам тус вирусийн тархалтаас болж цуцлагдсан билээ.
Харин омикрон хувилбарын тархалтаас болж 2022 оны 2 дугаар сарын 4-нд эхлэх өвлийн олимпын наадам цуцлагдах хэмжээнд хүрэхгүй гэдэгт итгэлтэй байгаагаа Хятадын албаныхан илэрхийлэв.
“Энэ вирусээс урьдчилан сэргийлэх, хянах ажилд тодорхой бэрхшээл учрах нь тодорхой. Гэхдээ Хятад улс коронавирусээс урьдчилан сэргийлэх, хянах туршлагатай тул өвлийн олимпыг хуваарийн дагуу саадгүй зохион байгуулна гэдэгтээ итгэлтэй байна” хэмээн Хятадын Гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч Жао Лижиан өдөр тутмын хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгджээ.
Түүнчлэн Хятадын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвийн Вирусын хяналтын хүрээлэнгийн дарга Сю Вэнбо хэвлэлийн хурлын үеэр “Хятад улс омикрон хувилбараас урьдчилан сэргийлэх бэлтгэл ажлыг маш сайн хийсэн” хэмээн ярилаа.
БНХАУ “Тэг Ковид” бодлогын хүрээнд дэлхий дээрх хамгийн хатуу чанга хязгаарлалтын дүрэм мөрдүүлж буй. Мягмар гарагт нийтэд дэлгэсэн тайланд дурдсанаар хэрэв тус улс аялал жуулчлалын хязгаарлалтыг цуцалбал өдөрт илрэх халдварын тоо 630 мянгад хүрэх байсан гэх тооцоо гарчээ.
“Бидний хийсэн тооцоолол вирусийн асар том дэгдэлт гарах эрсдэл ойрхон байсныг илчиллээ. Хэрэв тархалт дээрх тооцооллоор нэмэгдсэн бол эмнэлгийн системд дааж давшгүй дарамт учруулах болно” хэмээн уг тайланд дурдсан талаар МҮОХ-ноос мэдээллээ.