Улаанбаатар-Сөүлийн тусгай нислэг өнөөдөр 16.46 цагт Чингис хаан Олон улсын нисэх буудалд газардаж, БНСУ-аас 244 иргэн эх орондоо ирлээ.
Дээрх иргэдийг 14 хоног тусгаарлах бөгөөд жирэмсэн болон эмчилгээ хийлгээд ирж буй 47 иргэнийг Цэргийн төв эмнэлэгт, Бусан, Дэгү зэрэг эрсдэл өндөртэй бүсээс ирсэн 10 иргэнийг ХӨСҮТ-д, үлдсэн хүмүүсийг Энхсаран сувилалд ЗТХЯ-наас бэлтгэсэн найман автобусаар хүргэх юм. Түүнчлэн онгоцны нисэх бүрэлдэхүүн, нислэгийн турш хянагчаар ажилласан мэргэжлийн хяналтын хоёр байцаагчийг тусгаарлаж, ажиглах аж. (Тусгаарлах байранд дагаж мөрдөх журмыг энд дарж үзнэ үү)
“COVID-19” нь хатуу гадарга дээр удаан амьдрах чадвартай тул иргэдийн ачаа тээшийг 14 хоног ариутгасны дараа тарааж өгөх аж.
Сөүлээс ирэхээр бүртгүүлсэн хүмүүсээс хоёр нь халуунтай байсан тул онгоцонд суулгаагүй гэдгийг ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг хэллээ. Дээрх хоёр иргэний биеийн байдлын талаар БНСУ-ын байгууллагуудтай байнга холбогдож тодруулна гэдгийг ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг өнөөдөр болсон УОК-ын Шуурхай штабын ээлжит хэвлэлийн бага хурлын үеэр мэдээлсэн юм. Мөн нэг хүн гадаад паспортаа мартсан гэсэн шалтгаанаар онгоцонд суугаагүй бол зарим иргэн нутаг буцах шаардлагагүй болсон хэмээн үлджээ.
Шууд бичлэг үзэх:
Шуурхай мэдээ - Тусгай үүргийн онгоцоор 244 иргэн эх орондоо ирж байна /2020.03.15/ #MNB
Posted by MNB Монголын Мэдээ on Sunday, March 15, 2020