УОК-оос иргэдийг аль болох гадаад улс оронд аялахгүй байхыг анхааруулав

оруулсан Алсын Хараа

Коронавирусний "Омикрон" шинэ хувилбар гарсантай холбоотойгоор Монгол Улс тухайн вирусний халдвар тархсан орноос ирж байгаа болон тэдгээр улс орноор дамжин өнгөрсөн гадаадын иргэнийг хүлээн авахгүй.

Мөн халдвар бүртгэгдсэн эрсдэлтэй улс орнуудад зорчсон, дамжин өнгөрсөн иргэдийг эх орондоо хүлээж авах ч өөрсдийнх нь зардлаар 10 хоног тусгаарлахаар болсныг УОК-ын  29-р хуралдаанаар шийдвэрлэлээ.

Одоогоор "Омикрон" гэх мутацлагдсан вирус ӨАБНУ, Зимбабве, Намиби, Лесото, Эсватини, Мозамбик, Малави, Бельги, Израил, Хонгконг, Ботсвана улсад бүртгэгдээд байгаа аж.

УОК-ын дарга, Шадар сайд С.Амарсайхан халдвар тархах хурд нь онц аюултай, ӨАБНУ-д илрээд байгаа "Ковид-19"-ийн шинэ мутаци хувилбарыг анхаарвал зохистой аюултай ангилалд оруулсан. Энэ хувилбар нэлээн олон оронд бүртгэгдсэнтэй холбоотой цаг үеийн мэдээллийг салбарын мэргэжилтнүүдээс сонсон, зарим шийдвэр гаргасныг өнөөдөр танилцуулсан юм.

Монгол Улсад өнөөдөр Өмнөд Судан улсаас 200 гаруй энхийг сахиулагч ирэх ч тухайн улсад нь халдвар бүртгэгдээгүй тул Цэргийн амралтад 10 хоногийн хугацаанд тусгаарлахаар болжээ. Түүнчлэн нисэх онгоцны буудал, авто замын боомт, хил хяналтын бүс орчимд зорчигч иргэдээс шинжилгээ авах, “Буянт-Ухаа”, “Алтанбулаг”, “Гашуунсухайт”, “Боршоо” гэх мэт бүс дэх аж ахуйн нэгж, албан байгууллагын ажилчид болон зорчигчоос шинжилгээ авна.

УОК-оос иргэдийг аль болох гадаад улс оронд аялахгүй байхыг анхааруулаад, гадаадад зорчиход тухайн улсад халдвар ямар байх, агаарын тээврийн хязгаарлалт хорио цээр ямар байхыг тааж хэлэхэд хэцүү. Энд тэнд улс оронд гацаж, эрсдэлд орох магадлалтай тул УОК-ын шийдвэр зөвлөмжийг дагаж ажил амьдралаа зохицуулахыг С.Амарсайхан тэмдэглэлээ. Тэрбээр, “Коронавирусний энэ хувилбар одоогоор хэчнээн хор хөнөөлтэй, өмнөх төрлүүдээс ямар ялгаатай тухай эцсийн дүгнэлт албан ёсоор гараагүй, олон улсын байгууллагууд судалж байгаа тул ард иргэд айж сандрахгүй байх”-ыг хүслээ.

Энхийг сахиулагчдыг “Багабаян” амралтын газарт тусгаарлажээ

Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад явагдаж буй НҮБ-ын мандаттай “UNMISS” ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн Цэргийн багийн гурав дахь цувааны бүрэлдэхүүн өчигдөр эх орондоо ирлээ.

Багийн бүрэлдэхүүнд 240 энхийг сахиулагч ирсэн байна. Энхийг сахиулагчдыг УОК-ын шийдвэрийн дагуу “Багабаян” цэргийн амралтын газарт тусгаарлажээ.

С.Энхболд: Коронавирусний шинэ хувилбар ДОХ-ын вирустэй хавсран үүсгэгдсэн гэдэг нь ташаа мэдээлэл

Өмнөд Африкийн бүртгэгдээд буй коронавирусний шинэ “Омикрон” хувилбар ДОХ-ын вирустэй хавсарсан гэдэг нь ор үндэсгүй мэдээлэл гэдгийг Эрүүл мэндийн сайд С.Энхболд мэдэгдлээ.

УОК-ын өнөөдрийн хурлын шийдвэрийг танилцуулах хэвлэлийн хурлын үеэр тэрбээр, “Вирусний шинэ хувилбарын тархац "Делта"-гаас хэд дахин хурдан, вакцины идэвхийг сулруулж байгааг нотлоогүй. Дөнгөж судалж эхэлж байна. Дархлаа султай хүний биед үүссэн байх магадлалтай гэж үзэж байгаа. Энэ вирус нь дархлаа дарангуйлах эм хэрэглэсэн, архаг суурь өвчтэй хүмүүст илүү халддаг. Шинээр бүртгэгдсэн хувилбартай холбоотой вакцины үр нөлөө ямар байх судалгааг дэлхийн томоохон компаниуд хийж байна. Судалгааны эхний үр дүн 14 хоногийн дараа гарна. Тухай бүрд нь шинэ мэдээлэл өгнө. Олон судлаач вакцины хамрагдалт сайн байгаа оронд нас баралт харьцангуй цөөн байх магадлалтайг таамаглаж байгаа. Иймээс вакцины 3 дахь тундаа идэвхтэй хамрагдвал шинэ хувилбарыг давах боломжтой”-г дурдсан юм.

Гадаадаас ирсэн иргэдийг арав хоног тусгаарлах болсон талаар С.Энхболд тайлбарлахдаа, “Нууц үеийн хугацаа "Делта" вирусний хувьд 3.5 хоног байсан. Тусгаарлалтын 3 болон 6 дахь хоногт шинжилгээ авна” хэмээв.

Манай улсад 12-17 насны 267 мянган хүүхэд байгаагийн 259 мянга нь вакцинд хамрагджээ. Харин 5-11 насны хүүхдийн вакцин болон 12-17 насныханд 3 дахь тунг хийх талаар судалж байгаа. Учир нь БНХАУ, АНУ, Канад зэрэг дэлхийн цөөн оронд 11 дүгээр сараас 5-11 насныханд вакцин тарьж эхэлсэн. Судалгаа шинжилгээний үр дүнг харж байж шийдвэрээ гаргана гэдгийг салбарын сайд дурдлаа.

Одоогоор коронавирусний вакцины 3 дугаар тунд 600 гаруй мянган иргэн хамрагдаад байгаа бол 200 гаруй мянган иргэн нэг, хоёрдугаар тунгаа тариулаагүй байна.

Сэтгэгдэл бичих