Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар, ОХУ-ын Засгийн газрын орлогч А.Л.Оверчукийн Монгол Улсад хийсэн айлчлалын дүнг танилцуулж, айлчлалын мөрөөр ажил төлөвлөхийг Гадаад харилцааны сайдад даалгалаа.
Айлчлалын үеэр төмөр зам, эрчим хүч, хийн хоолойн төсөл, хөдөө аж ахуй, цахим засаглалын салбар дахь хамтын ажиллагааны өргөн хүрээний асуудлаар санал солилцож, тулгамдсан асуудлыг ойрын үед шийдвэрлэхээр тохиролцсон нь шинэ зууны сайн эхлэлийг тавих таатай нөхцөлийг бүрдүүллээ гэж үзэж байна.
Мөн хуралдаанаар, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаярыг энэ оны 12 дугаар сарын 5-10-нд БНСУ-д ажлын айлчлалд томилсон бөгөөд, мөн үеэр зохион байгуулагдах НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд цэрэг илгээгч орнуудын Батлан хамгаалахын сайд нарын уулзалтад тэрээр оролцох юм.
Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрт байрлах “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нүүрсний уурхайн хамгаалалтыг хэрэгжүүлж байгаа Дотоодын цэргийн салбарыг Дотоодын цэргийн анги болгон өөрчлөн зохион байгуулахаар шийдвэрлэв.
Түүнчлэн Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Серби Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг батлав. Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Ташрамд дурдахад, Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын 23 дугаар хуралдаан 2021 оны 11 дүгээр сарын 25-26-нд Улаанбаатар хотод болох юм.
Хуралдаанаар, Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын түр орлон гүйцэтгэгчээр, Содномцэрэнгийн Мөнхнасанг, Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын даргын түр орлон гүйцэтгэгчээр Анандын Энхманлайг тус тус томиллоо.