Коронавирусний эсрэг вакцины гуравдугаар тунг зорилтот бүлгийн буюу 18-аас дээш насны нийт иргэдийн 50 хувь нь хийлгэсэн тохиолдолд 2-3 насны хүүхдийг цэцэрлэгт хамруулахыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ холбогдох албаныханд үүрэг болгожээ.
Тодруулбал, Монгол Улсад энэ долоо хоногт коронавирусний халдварын тохиолдол өнгөрсөн долоо хоногийн мөн үеийнхтэй харьцуулахад 26 хувиар буурсан байна. Өнөөдрийн байдлаар зорилтот бүлгийн 28 хувь нь вакцины гуравдугаар тунд хамрагдаад байгаа аж. Хэрэв зорилтот бүлгийн 50 хувийг гуравдугаар тунд хамруулбал, бүх шатны боловсролын байгууллага 100 хувь танхимын сургалтад шилжиж, 2-3 настныг цэцэрлэгт хамруулахыг Ерөнхий сайд үүрэг болгосон байна.