Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар “Нийслэлийн 2022 оны төсвийн төсөл” болон “Нийслэлийн хөгжлийн 2022 оны төлөвлөгөө” төлөвлөлтийн баримт бичгийн төслийг нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгаланд өргөн барилаа.
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуультай уялдуулан ирэх оны төсвийг боловсруулсан гэж Засаг дарга Д. Сумъяабазар онцолсон юм.
Тэрбээр УИХ-аар Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийг шинэчилж баталсантай холбоотой нийслэлийн хөгжлийн 2022 оны төлөвлөгөөг боловсруулсныг тодотгоод, өргөн барьсан төслүүдийг хуулийн хугацаанд хэлэлцэн баталж өгөхийг хүслээ.
ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан “2022 он бол НИТХ болон Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч, түүний харьяа агентлагуудын үйл ажиллагааны хувьд чухал жил болно. Нийслэлийг удирдаж байсан үе үеийн ИТХ, Засаг дарга нар бий болгохыг зорьж байсан эрх зүйн томоохон шинэчлэлүүдээ батлуулж чадсан. Тэр дундаа Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль ирэх оноос хэрэгжинэ. Тиймээс НИТХ-ын төлөөлөгчид, нийслэлийн Засаг дарга иргэддээ өгсөн амлалтаа биелүүлж, эрх зүйн шинэ орчинд тулгуурласан эдийн засгийн шинэчлэл хийхэд анхаарах хэрэгтэй. Бодлогын баримт бичгүүдэд тусгасан зорилт, хөтөлбөр, тэр дундаа иргэдийн өмнө тулгамдаж буй шаардлагатай асуудлаа шинэ оны төсөвт тусгаж хэрэгжүүлэх нь чухал” хэмээлээ. Эдгээр баримт бичгийг НИТХ хуулийн хугацаанд хэлэлцэн, батлахыг тодотгов.
Үргэлжлүүлээд ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдааныг зарлан хуралдуулж, нийслэлийн ирэх оны төсвийн төсөл”, “Нийслэлийн хөгжлийн 2022 оны төлөвлөгөө” төлөвлөлтийн баримт бичгийн төсөл, энэ оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний биелэлт, ирэх оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төсөл, нийслэлийн өмчөөс 2022 онд хувьчлах хуулийн этгээд, эд хөрөнгийн жагсаалт батлах тухай 4 асуудлыг хэлэлцэх тогтоолын төслийг батлав. Ээлжит хуралдааныг энэ сарын 25-нд хуралдуулахаар товложээ.