Улсын онцгой комисс (УОК)-ын шийдвэрээр түр хаагаад буюу Улаанбаатар хотоос болон аймгуудад орох, гарах хөдөлгөөнийг маргааш буюу энэ сарын 16-ны 07.00 цагт нээнэ. Энэ талаар УОК-ын Шуурхай штабын дарга, ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр мэдээлэв.
Орон нутгийн зам, гал тэрэг, хуваарьт нислэгийг нээх хэдий ч Дорноговь аймгийн Улаанбадрах сум, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомт болон Улаанбаатар хотын зарим хэсэгт хязгааралалт хийхээр төлөвлөж байгааг УОК-ын Шуурхай штабаас мөн мэдээлэв. Зарим хэсэгт хийх хязгаарлалтын талаар удахгүй дэлгэрэнгүй мэдээлэл өгөх аж. Харин түр хаагаад буй барааны худалдаа, үйлчилгээний төвүүдийг нээх эсэхийг Нийслэлийн онцгой комисс шийдвэрлэх юм.
УОК-ын Шуурхай штабын хэвлэлийн төлөөлөгч Б.Дуламсүрэн, “УОК-оос гадаадад байгаа иргэдээ Сөүл, Токио, Москва, Берлинээр дамжуулан авахаар ажиллаж байна. Өчигдөр буюу энэ сарын 14-нд Шадар сайд, УОК-ын дарга Ө.Энхтүвшин гадаадаас ирэх иргэдийг тусгаарлах байрны нөхцөл байдалтай танилцлаа. Улаанбаатар-Сөүл, Улаанбаатар-Москва-Берлиний нислэг өнөөдөр өглөө ниссэн. Өнөөдөртөө Сөүлийн онгоц 249 зорчигтой буцаж ирнэ. Үүнээс эрүүл мэндийн шалтгаантай 47 иргэнийг Цэргийн төв эмнэлэгт хүргэх бол Бусан, Дэгү зэрэг өндөр эрсдэлтэй бүсээс ирсэн хүмүүс, “COVID-19”-ийн сэжигтэй хүмүүсийг ХӨСҮТ-д хүргэнэ. Үлдсэн хүмүүсийг Энхсаран сувилалд хүргэхээр ЗТХЯ-наас 8 автобус гаргаад байна” хэмээв.
Сөүлээс ирэхээр бүртгүүлсэн хүмүүсээс хоёр нь халуунтай байсан тул онгоцонд суулгаагүй гэдгийг ГХЯ-ны ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг хэллээ. Дээрх хоёр иргэний биеийн байдлын талаар БНСУ-ын байгууллагуудтай байнга холбогдож тодруулна гэдгийг мөн онцлоод, “Сөүлээс зорчих байсан нэг хүн гадаад паспортаа мартсан гэсэн шалтгаанаар онгоцонд суусангүй. Маргааш ирэх Москва, Берлиний онгоцны суудал дүүрсэн. Гэхдээ Сөүлийнхтэй ижил шалтгаанаар хүмүүс үлдэх магадлалтай” гэлээ. Мөн Истанбулаас иргэдээ авахаар БНТУ-ын талтай хамтран ажиллаж буйгаа дурдсан юм.
Мөн маргаашаас эхэлж үйлчилгээний газрууд хэвийн ажиллаж эхэлнэ хэмээн ЗГ-ын ХМОНХХ-ийн дарга Ц.Ганзориг өөрийн цахим хуудсаар дамжуулж мэдээлэв. Тэрбээр, "Маргааш буюу 16-ны 07 цагаас эхлэн үйлчилгээний газрууд болох үсчин, гоо сайхан, Өгөөмөр зах, Нарантуул, Барилгын зах, төвүүд гээд бараа үйлчилгээний газрууд хэвийн горимд ажиллана. Өнгөрсөн 7 хоногийн хугацаанд ариутгал, халдваргүйжүүлэлт энэ газруудад хийж амжсан." хэмээн мэдэгдэв.