Монголын сагсан бөмбөгчид 2 лигийн тэмцээнтэй хуваагдмал байсан үе ард хоцорч, бүгд нэгдэж хамтдаа үйл ажиллагаа явуулах болсноо мэдэгдлээ.
Өчигдөр /2021.11.22/ сагсан бөмбөгийн саланга байсан холбоодын төлөөлөл уулзаж, хамтран гаргасан мэдэгдэлдээ: “Монголын сагсан бөмбөгт үүсээд байсан үл ойлголцолд цэг тавьж бүх талууд нэгдэн, нэгдсэн лигт оролцохоор боллоо.
Ийнхүү 10 гаруй жил үргэлжилсэн сагсан бөмбөгчдийн дунд бий болоод байсан талцал хуваагдал албан ёсоор дуусч, хамтдаа нэг зүгт харж ажиллахаар болсон байна.
Тухайлбал, Монголын Сагсан бөмбөгийн холбоо, Монголын Үндэсний сагсан бөмбөгийн холбоо, Монголын 3х3 сагсан бөмбөгийн холбоо Монголын Сагсан бөмбөгийн тамирчдын эрх ашгийг хамгаалах холбоо, Сагсан бөмбөгийн тоглогчдын "Ирээдүй" холбоо нар нэгджээ. Нэгдсэн лигт 12 баг оролцох бөгөөд 10 багийн нэр тодорсон бол нэмэлт 2 эрхийн төлөөх тоглолтуудыг удахгүй тов зарлан явуулахаар тогтсон байна.
Монголын сагсан бөмбөг 2021 оны 10 дугаар сард нэгэн дээвэр дор нэгдэж, нэгдсэн нэг лигтэй боллоо гэх мэдээллийг албаныхан өгч байсан. Ийнхүү асуудал намжиж, эргэн тив дэлхийн тэмцээн уралдаанд манай сагсан бөмбөгчид нэгдэн оролцох боллоо гэж байх үеэр тамирчдын “Ирээдүй” холбооныхон мэдэгдэл хийсэн.
Тус холбооны мэдэгдэлд “Монголын сагсан бөмбөгийн холбоо, Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбоо хоорондоо төдийгүй тамирчдын холбоотой нэгдсэн мэт худал мэдээлэл цацаж, Дээд лиг зохион байгуулах мэдэгдэл гаргасан. Бид зөвхөн Монголын сагсан бөмбөгийн холбоо, Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбоо нэгдэж, албан ёсны хурлаа хийн нэг бичиг баримт, нэг тамга тэмдэгтэй болж шинэчлэгдсэний дараа тэднээс зохион байгуулах уралдаан тэмцээнд оролцоно” гэсэн билээ.
Улмаар дахин 2 лиг, 2 өөр газар явагдахаар болж, бэлтгэл ажлууд нь тус тусдаа хангагдсан ч сүүлийн өдрүүдэд талууд санал солилцож, харилцан буулт хийснээр Монголын сагсан бөмбөг удаан хугацааны дараа нэгдсэн Дээд лигтэй болж байна.