Үнийн зөвлөл өнөөдөр /2021.11.22/ хуралдаж, шатахууны үнэ чөлөөлөх шийдвэрийг гаргасан байна. Энэ талаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд О.Батнайрамдал өнөөдөр /2021.11.22/ сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн юм. Тэрбээр "Бидний хувьд шатахууны үнээ Сингапурын зах зээл дээрх газрын тосны үнэтэй шууд уялдуулж, тогтоодог. Иймд гадаад зах зээлд газрын тосны бүтээгдэхүүний үнэ өсвөл шатахууны үнэ огцом нэмэгдэх эрсдэл үүсдэг. Тэгвэл үүнээс хойш үнийг төр, аж ахуй нэгж буй зах зээлийн хуулиар автоматаар тогтоодог систем рүү шилжиж байгаа юм. АИ-92 шатахууны жижиглэнгийн үнийг огцом хэлбэлзэлгүйгээр зах зээлийн горимд аажмаар шилжүүлэх бодлогыг баримтлан ажиллана гэсэн зөвлөмж гарсан. Мөн Засгийн газрын 2021 оны 311 дүгээр тогтоолд заасны дагуу газрын тосны бүтээгдэхүүний бөөний худалдаа эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн 2022 оны компанийн нөөцийг бүтээгдэхүүн нэр төрөл, тоо хэмжээгээр бүрдүүлэхэд шаардлагатай хөрөнгийг бага хүүтэй эх үүсвэрээс санхүүжүүлэх асууддыг Монголбанктай хамтран шийдвэрлэх, холбогдох журмаа шинэчлэх, зах зээлийн бодит байдал, үнийн мэдээллийг олон нийтэд сурталчлах зөвлөмжийг гаргасан. Хамгийн гол нь АИ-92 шатахууны үнэ зах зээлийн горимд шилжих ёстой. Дэлхийн олон оронд сайн жишиг болсон зургаан сарын дундаж өртгөөр үнийг тооцоолж, автомат үнийн аргачлал руу шилжихээр боллоо.
Өөрөөр хэлбэл, зах зээлийн эрэлт нийлүүлэлтээс хамаарч, гадаадаас шатахуун импортолж буй үнийг өнөөдрийнх бус сүүлийн зургаан сарын дундаж өртгөөр тооцоолно гэсэн үг. Ингэснээр нэг удаагийн үнийн огцом хэлбэлзэлийг аажмаар үнэ бодож гаргах аргачлал юм. Энэ үнийг бодоход төр оролцохгүйгээр зах зээлийн үнээ тооцоолж явна. Жишээлбэл, нэг удаагийн өөрчлөлт нийт үнийнхээ таван хувиас хэтрэхгүй байх юм. Одоо жижиглэнгийн үнэ 2050 төгрөг байлаа гэхэд 100 төгрөгөөс хэтрэхгүй.
Үнийн бодолтыг автоматаар тооцоолж, зах зээлийн горим руу шилжинэ гэсэн үг. Бид өнөөдөр АИ-92 шатахууныг Сингапурын хөрөнгийн бирж дээр арилжаалж буй үнээр худалдан авдаг. Үүн дээр шаардагдах татвар, үйл ажиллагааны зардал нэмэгдэж, АИ-92 шатахууны өртөг гардаг. Өнөөдөр 2050 төгрөгийн нийт өртөг 2400 орчим төгрөг байгаа. Үнийн зөвлөлийн хуралдаанаар өнөөдөр нийт 80 гаруй гишүүний дэмжлэгтэйгээр зөвлөмжийг баталлаа. Ирэх арванхоёрдугаар сараас автомат тооцооллоор бодогдох байх. Монголд зарж буй АИ-92 болон дизелийн үнэ 2021 онд 59-71 хувийн өсөлттэй байгаа. Олон улсын валютын сангаас 2019 онд Засгийн газарт энэ аргачлалыг санал болгож байсан. Филлипин, Өмнөд африк, Колумба, Нипаль гэх орнуудад энэ аргачлал амжилттай хэрэгжиж байгаа. Засгийн газраас аравдугаар сарын 6-нд гарсан 311 тогтоолоор тухайн үедээ газрын тосны бүтээгдэхүүний нөөцийг 30-45 хоног болгосон. Энэ нөөцийг бүрдүүлэх үүрэг аж ахуй нэгжүүдэд очиж байна гэсэн үг. Энэ нөөцийг бүрдүүлэхэд санхүүгийн эх үүсвэр шаардлагатай учраас Монголбанктай хамтран ажиллана. Бусад шатахууны хувьд зах зээлийнхээ зарчмаар явдаг.
Монгол Улс оргил үедээ 2019 онд хоёр сая орчим тонн газрын тосны бүтээгдэхүүн худалдан авч байсан. Энэ нь 1-1.2 тэрбум ам.доллар болно. Энэ хэмжээ цар тахлын улмаас буурсан. Тэгэхээр бусад бүтээгдэхүүн зах зээлийн зарчмаар явдаг. Бид арваннэгдүгээр сард ОХУ-аас 48.540 тонн, Хятадаас 14.520 тонн АИ-92 шатахуун татан авахаар баталгаажуулсан. Энэ хүрээнд татан авалт хэвийн үргэлжилж байна.