"Бүрэн Монгол" төслийн хүрээнд зохион байгуулсан барилдаанд Улсын гарьд Ө.Бат-Орших, Улсын заан Д.Анар, Улсын харцага Б.Бат-Өлзий, О.Хангай, Д.Бат-Эрдэнэ, Б.Цэдэнсодном, Ц.Мөнхбаяр нараар магнайлуулан Улс, аймгийн алдар цолтой 128 бөх зодоглосноос улсын шинэ харцага Б.Цэдэнсодном 7 даван түрүүлж, улсын шинэ заан Д.Анар үзүүрлэв.
Их шөвөгт улсын харцага О.Хангай, улсын начин Д.Амарсайхан нар шалгарлаа. Энэ барилдаанд хэдхэн хоногийн өмнө Ерөнхийлөгчийн Зарлигаар шинээр цол, чимэг хүртсэн бөхчүүд зодоглосон нь бас нэг сонин байв.
Дунд шөвгийн наймд у.г Ө.Бат-Орших, у.х Ц.Мөнхбаяр, у.н Б.Серик, а.х.а Ө.Батзул нар үлдэв.
Барилдааны үеэр 3 азтан тодруулсан агаад Хэнтий аймгийн Дархан сумын харьяат Баттөр хэмээх залуу эхний азтан болж, “Чикаго” спорт барааны дэлгүүрээс 400 мянган төгрөгийн худалдаа хийх эрхийн бичиг, дараагийн азтан Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын харьяат Ц.Цэрэнлхагва дунд гарын хас чулуун хөөрөг, супер азтан Завхан аймгийн Түдэвтэй сумын харьяат Батсайхан Монгол Улсын аварга П.Бүрэнтөгсийн адуун сүргээс хурдан удмын адууны эзэн боллоо.
Азтануудыг МҮБХ-ны дэд тэргүүн, улсын аварга О.Балжинням, улсын аварга С.Мөнхбат, П.Бүрэнтөгс нар тодруулж, азын шагналыг гардуулж, дурсгалын зураг татууллаа. Мөн аварга П.Бүрэнтөгс "Бүрэн Монгол" төслийг дэмжин оролцож буй хүмүүстээ хүндэтгэл үзүүлсэн юм.