Э.Гантуяа: Спорт бол хүмүүжил юм

оруулсан Алсын Хараа

Төв/МОНЦАМЭ/ Төв аймгийн Батсүмбэр сумын иргэн, ДАШТ-ий хүрэл медальт, ОУХМ, “Хилчин” спорт хорооны тамирчин Энхбатын Гантуяатай ярилцлаа.

-Танд юун түрүүнд чөлөөт бөхийн спортоор ДАШТ-ий 66 дахь медальтан болсонд тань баяр хүргэе. Энэ амжилтад хүрэх замнал, түүхийн эхлэл цэгээс хоёулаа ярилцлагаа эхлүүлэх үү?

-Би 15 настайдаа 2010 онд аавдаа хөтлүүлээд МУГД З.Дүвчин багштай очиж уулзаж байлаа. Тухайн үед багш Сөгнөгөрийн чиглэлд бэлтгэлд гарсан байсан юм л даа. Очоод уулзах үед бэлтгэлтэй байсан учраас Улаанбаатар хотод хүрээд ирээрэй гэж хэлээд явуулсан. Анх 2010 онд хот мэдэхгүй хүүхэд байсан ч дүүрэн хүсэл мөрөөдөл тээгээд л танихгүй газар очсон доо.

-Тухайн үед та өсвөр насны хүүхэд байжээ. Энэ үедээ хүүхэд сэтгэлзүйн хувьд их эмзэг байдаг шүү дээ. Таны хувьд сэтгэлзүйгээ хэрхэн бэлтгэдэг байв?

-Өө тийм. Тухайн үед бэлтгэлдээ би насны хувьд хамгийн бага нь байлаа. Их уйлдаг, нутаг руугаа буцаад гэртээ ирээд л байж баймаар санагдах үе ч их байсан. Зэмлүүлэхээрээ их ч гомддог, үг даадаггүй байж билээ. Гэхдээ л өөртөө тавьсан зорилгоо, мөн гэр бүлийнхээ итгэлийг тээж энэ хүртэл ирчихээд гэсэн бодол намайг хурцалж байсан.

- Таны хамгийн анхны медаль авч байсан тэмцээн? Тэр үеийнхээ сэтгэгдлээс хуваалцвал?

- 2007 онд Төв аймгийн Өсвөрийн дугуйн аварга шалгаруулах тэмцээнд 2 төрлөөр орж алт, хүрэл медаль авч байсан. Тухайн үед мэргэжлийн дугуй байгаагүй ч аав минь зарим нэг эд ангийг нь солиод уралдааны мэт болгож өгч тэмцээнд оруулж байсан. Анх медаль хүртсэн үе үнэхээр гоё байсан санагдаж байна. Би бүүр хэд хоног нөгөө медалиа зүүж явсан гээч, бараг л зүүгээд унтах нь холгүй л байдаг байсан даа.


-Чөлөөт бөхийн спортоор хичээллээд анхлан оролцсон томоохон тэмцээнүүдээсээ хуваалцвал?

- Анх 2011 онд Хүүхдийн их наадамд орж мөнгөн медаль хүртэж байсан. Дараа нь ОХУ-ын Улаан-Үд хотод зохион байгуулсан Монгол туургатны хүүхдийн спортын их наадамд оролцсон ч өндөр амжилт гаргаж чадаагүй, дараа жил нь буюу 2012 онд Олон улсын Өсвөрийн Азийн аваргаас хүрэл медаль авч байсан. Оролцсон тэмцээн бүрээсээ туршлага хуримтлуулаад үүнээсээ урам зориг аваад эхлэхээр шантрах гэдэг үгийг мартдаг юм билээ. Ялагчийн тавцанд гарах тоолондоо улам их хичээмээр санагддаг.

-Цолны болзлыг хэзээ хангасан бэ?

-2013 онд Спортын мастер цолоо авч байсан. 2016 онд ОУХМ-ыг анх 2016 онд Насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээнээс болзлоо хангаж байсан. 

 -Дэвжээн дээр гарах үедээ сэтгэлзүйгээ хэрхэн бэлтгэдэг вэ?

-Хамгийн түрүүнд бүрэн дүүрэн төвлөрөх шаардлагатай байдаг. Төвлөрч чадсан үед эсрэг талын тамирчны хийж байгаа үйлдэл нь хүртэл удааширч харагддаг.  Бүрэн гүйцэт төвлөрөхгүй, сэтгэлзүйгээ бэлдэхгүй гарах үе ч байдаг өөр зүйл бодоод нэг харахад л оноо алдчихсан байх үе байна. Ер нь л дэвжээн дээр байх үедээ шүүгчтэйгээ ажиллах, багшаа сонсох, өрсөлдөгчтэй барилдах, цаг баримтлах, зарим үед үзэгчдээс хэлэх үгийг хүртэл сонсох гээд их олон үйлдлийг зэрэг хийх шаардлагатай болдог учраас сэтгэлзүйгээ маш сайн бэлтгэх хэрэгтэй болдог. 

-Спортоор хичээллэдэг хүмүүсийн нийтлэг олж авдаг зан чанар нь тэвчээр, хатуужил байдаг шүү дээ. Таны хувьд ямар ач холбогдолтой зүйл ажиглагдсан бэ?

-Би 11 жил чөлөөт бөхөөр хичээллэсэн. Энэ хугацаанд хүндлэл, ах зах гэдэг зүйлийг маш сайн сурсан гэж боддог. Спорт бол хүмүүжил юм. Хүнтэй харилцаа үүсгэхийн тулд эхлээд зөв мэндэлж сурах нь чухал гэдгийг энэ спорт ойлгуулж өгдөг.

-Өөрийн тань хувьд 62 кг жинд барилддаг. Хэдийнээс энэ жиндээ барилдаж байна. Жингээ хэрхэн барьдаг вэ? 

-2018 оноос хойш 62 кг жинд барилдаж байна. Өөх тос, гурил будааны хэрэглээ бараг байдаггүй. Гэсэн ч жингээ нэмэх тохиолдол бий, энэ үедээ тэмцээн дөхүүлж байгаад жингээ хасдаг. Хоол сойж жингээ хасахгүйгээр эрүүл зөв хооллодог. Бэлтгэл дээр маш их хүч зарцуулдаг учраас нэмэлт уураг, витамин ууж нөхдөг. 

-Чөлөөт бөхийн спортоор бэлтгэлээ хийхээс гадна чөлөөт цагаараа өөрийгөө хэрхэн хөгжүүлдэг вэ?

-Би дуулах дуртай, гитар тоглож сурч байгаа, мөн төгөлдөр хуур тоглож сурахаар анхан шатны сургалтад хамрагдаж байна. Спортын төрлөөс сагс, гар бөмбөг, дугуй, теннис гэх мэт спортоор чөлөөт цагаараа хичээллэх сонирхолтой. Сүүлийн үед зүү ороож, даалин урлаж сурч байна. Олон нийтийн сүлжээнд хүнтэй холбоо барих шаардлагатай тохиолдолд л цаг гаргаж нэвтэрдэг гэхээс бусад тохиолдолд тийм ч их цаг зарцуулдаггүй. 

-Таны хувьд Монголын үндэсний их сургуулийг газар зохион байгуулалт мэргэжлээр төгссөн гэж сонссон. Одоогоор боловсролдоо шинээр хөрөнгө оруулалт хийж байгаа юу? Олон улсын тэмцээнд оролцоход тухайн орны хэлийг мэдэхгүй байдлаас бэрхшээл үүсдэг үү?

-Тийм шүү. Хэлний мэдлэггүй байдлаасаа болж шүүгчийн хэлж сануулж буй зүйлийг ойлгохгүй, зарим тохиолдолд оноо алдах үе ч байдаг. Өөрийгөө ойлгуулж чадахгүй байна гэдэг чинь хамгийн хэцүү зүйл шиг санагддаг. 2016 оны Азийн аваргаар ганцаараа явахдаа ойлгосон хил гааль давахаас эхлүүлээд л бүх зүйлийг ганцаараа хийх шаардлагатай учраас үгээ цээжлээд өөрийгөө хөгжүүлээд явдаг юм билээ. Хэлийг орчинд нь суралцвал үр өгөөж илүү санагдсан даа. Газар зохион байгуулалтаар ажиллах бодол одоохондоо байхгүй байна. Харин хэл сурч өөрийгөө хөгжүүлэх нь зөв санагдаж байгаа. 

-Тамирчин хүн бүрт үлгэрлэн дуурайж, суралцаж байдаг зорилгоо тодорхойлоход чиг өгдөг хүн байдаг шүү дээ. Таны хувьд хэнээс үлгэр дуурайлал авч байв?

-Хөдөлмөрийн баатар С. Батцэцэг эгчээс үлгэр дуурайлал авдаг. Шийдэмгий зан чанар нь үнэхээр их таалагддаг. 

-Аливаа уралдаан тэмцээнд оролцоход ар гэрийн дэмжлэг хэрэгтэй байдаг шүү дээ. Гэр бүлийнхээ тухай яривал?

-Манайх ам бүл 6. Аав, ээж, эгч, 2 охин дүүгийн хамт амьдардаг. Манай аав, ээж уугуул Төв аймгийн Батсүмбэр сумын иргэд. 


Ар гэр дэмждэггүй байсан бол би одоо өөрийгөө хаана явж байгааг ч төсөөлж чадахгүй байна. Ар гэр минь болон сумынхан минь үнэхээр их дэмждэг болохоор тэдэндээ талархах ч багаддаг. Саяны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд бас хувиасаа зардлаа гаргасан. Мөн л сум орон нутгийн минь ах эгч нар дэмжиж энэ амжилтад хөтөлсөн. Тэмцээн уралдаанд олон удаа орж байж туршлагыг олж авдаг учраас ямар ч нөхцөлд байсан гэрийнхэн минь дэмжээд “Сайн яваад ирээрэй” гээд л инээмсэглээд үдэж өгдөг. 


-Дэлхийн аваргын хүрэл медальтан болно гэдэг үнэхээр бахархам юм. Энэ үеийнхээ дурсамжийг хуваалцвал?

-2021 оны 10 дугаар сард Норвегийн нийслэл Осло хотод зохион байгуулсан ‘’Осло - 2021’’ чөлөөт бөхийн ДАШТ-д оролцсон. Эхний барилдаанаа дэлхийн аваргын хүрэл медальт, Пан Америкийн наадам болон Пан Америкийн аварга АНУ-ын тамирчин Кайл Мираклтай хийж, 4:14-өөр ялагдсан. Энэ үед би өөрөө сэтгэлзүйн хувьд маш том цохилтод орсон. Харин дагах барилдаандаа энэ жилийн залуучуудын дэлхийн болон Европын аварга Оросын бөх Алина Касабиеваг 12:8-аар ялсан юм. Харин хүрэл медалийн төлөөх барилдаанд Пан Америкийн аваргын хоёр алт, гурван мөнгө, нэг хүрэл медальт Бразилын тамирчин Лаис Нуньес Де Оливейратай тун хүнд барилдаан хийж 7:6-гаар ялж байсан. Тэр үед сэтгэлзүйгээ бүрэн төвлөрүүлж чадсан гэж боддог.

-Тамирчин болохоор бэлдэж буй олон шинэ залуу тамирчдадаа зөвлөгөө өгвөл? 

-Тууштай хичээнгүй байх хэрэгтэй. Үүнп үг даах, ойлгох, шантрахгүй байх, хүмүүжил, төлөвшилтэй, үнэнч шударга байх бүгд багтана. Нэг оролдлогоор амжилтад хүрнэ гэж байхгүй учраас нэг биш нэлээн хэд л оролдож байж хүсэл биелнэ шүү дээ. Зорилготой байх хэрэгтэй, ингэснээр хүн шантрахгүйгээр хичээллэх сэдэл нь төрдөг гэж бодож байна. Ер нь ямар ч төрлийн спорт хүний зан төлөв, төлөвшил, хүмүүжилд эерэг нөлөөтэй учраас заавал нэг төрлөөр нь суралцаарай гэж хэлмээр байна. 

-Ярилцсан танд маш их баярлалаа. 

Сэтгэгдэл бичих