“Багануур” ХК экскаваторын шанага үйлдвэрлэлээ

оруулсан Алсын Хараа

“Багануур” ХК-ийн уурхайчид ЭШ-10/70 маркийн экскаваторын шанага үйлдвэрлэлээ.

Шанагыг технологийн автомашины хуучин кузов ашиглан бүтээсэн байна. Ингэснээр цар тахлын нөхцөл байдлаас үүдэн хил, гааль хаалттай, бэлдэц төмрийн олдоц тааруу үед дотоод нөөц боломжоо ашиглан эдийн засгаа хэмнэж чадсаныг “Эрдэнэс Монгол” компанийн цахим хуудаснаа онцолжээ.

“Багануур” ХК-д ашиглагдаж буй ЭШ-10/70 маркийн дөрвөн экскаватор жилд дунджаар 7 сая шоо метр уулын цулын ажил гүйцэтгэх хүчин чадалтай. Гадаадаас импортоор экскаваторын шанага худалдан авахад тус бүр нь 250-300 сая төгрөгийн өртөгтэй байдаг бол ажилчид дотоод нөөц бололцоогоо ашиглан үйлдвэрлэсэн энэ шанагыг 90 сая төгрөгөөр бүтжээ. Энэ нь “Багануур” ХК-ийн ажилчдын дотоод нөөц боломжоо ашиглан үйлдвэрлэсэн 4 дэх шанага юм.

Анхны шанагаа 2017 онд ОХУ-ын загвараар хийсэн бол 2018 онд 2 шанагыг Америк загвараар үйлдвэрлэсэн байна. Эдгээр шанагыг үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд одоо ч хэвийн ашиглаж байна.

Сэтгэгдэл бичих