Монгол Улс, Арабын нэгдсэн Эмират улс (АНЭУ)-ын бизнес форум, ажил хэргийн уулзалт олон улсын “Дубай ЭКСПО-2020” үзэсгэлэнгийн хүрээнд Дубай хотноо болж байна. Хоёр орны хооронд худалдаа, эдийн засгийн харилцааг өргөжүүлэх зорилгоор манай улсын ГХЯ, Үндэсний хөгжлийн газар, МҮХАҮТ болон АНЭУ-ын Худалдаа, аж үйлдвэрийн танхимуудын холбоо хамтран зохион байгуулж буй форумд Монголын талаас 40, АНЭУ-ын талаас 30 гаруй бизнесийн төлөөлөлгч нар оролцож, харилцан мэдээлэл солилцож байна.
Энд оролцож буй МҮХАҮТ-ын дарга Т.Дүүрэн Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлэх дэд бүтцийн болон хувийн хэвшлээс ойрын хугацаанд хэрэгжүүлэх боломжтой хөрөнгө оруулалтын 20 төслийг танилцууллаа. Мөн энд оролцож буй “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Борлуулалт, маркетинг, тээврийн газрын дарга А.Чинзориг тус компанийн "А6-20" дунд хугацааны бизнес төлөвлөгөө, “ЭТТ бонд”-ын талаар танилцуулав.
Форумын хоёр дахь хэсэг мэдээлэл, харилцаа холбооны сэдвээр болж, тус салбарын компаниуд олон улсын зах зээлд гарах сонирхлоо илэрхийлсэн юм. Тухайлбал, “Mongol Valley” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Габит, “Infinite Solutions” ХХК-ийн санхүү хариуцсан захирал Д.Билгүүн, “Гэрэгэ Системс” ХХК-ийн үүсгэн байгуулагч Н.Энхжаргал нар хөгжүүлсэн бүтээгдэхүүн, шинээр нэвтрүүлсэн үйлчилгээгээ танилцуулав.
Хоёр орны хооронд бизнес, худалдаа, хөрөнгө оруулалтын харилцааг хөгжүүлэх арга хэмжээг анх удаа зохион байгуулсан нь энэ бөгөөд форумын үеэр аль салбарт эдийн засгийн харилцааг хөгжүүлж, ямар төсөл хөтөлбөрт хамтран ажиллах талаар бизнес уулзалтууд боллоо.
АНЭУ-ын ХАҮТ-уудын холбоо болон Абу Дабигийн ХАҮТ-ын дарга Абдулла Мохамед Аль Мазруэй, МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин нар дурсгалын зүйлс солилцов. МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин хоёр орны бизнес форум нь дэлхийн ЭКСПО-гийн үеэр зохион байгуулагдаж байгаа нь өндөр ач холбогдолтойг онцлоод цаашид хөрөнгө оруулалтын төслүүдийг бодит ажил хэрэг болгохын тулд Танхим манлайлж ажиллах үүрэгтэй боллоо гэдгийг онцлон дурдав. “Эрдэнэс Тавантолгой” ХХК нь Дубай ЭКСПО дахь Монгол Улсын үзэсгэлэнгийн танхим болон асрын ерөнхий дэмжигчээр оролцож байна.
Монгол Улс АНЭУ-тай цахилгаан, байгаль орчин, эрүүл мэнд, боловсролын салбарт түлхүү харилцаатай байна. Хоёр орны хоорон дахь худалдааны эргэлт сүүлийн жилүүдэд тууштай нэмэгдэж, энэ оны эхний 10 сарын байдлаар 6.74 сая ам.доллар, хөрөнгө оруулалт 10 сая ам.долларт хүрчээ.