Дарханы замын өргөтгөл шинэчлэлийг өвлийн улиралд зогсоов

оруулсан Алсын Хараа

Улаанбаатар-Дарханы чиглэлийн автозамын өргөтгөл шинэчлэл энэ онд хийх ажлынхаа 80 хувийг гүйцэтгэснээр ирэх хавар хүртэл зогсож байна. Тиймээс 2022 оны автозам тавих барилгын ажил эхэлтэл тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хуучин үндсэн трасс болон шинээр тавьсан замын хэсгээр харилцан зорчуулахаар зохицуулж буйг ЗТХЯ-аас мэдээллээ.

Тус чиглэлийн зам барилгын ажил бүрэн дуусаагүй байгаа тул авто замаар зорчих нийт жолооч, зорчигчид хөдөлгөөний аюулгүй байдлаа хангаж, авто замын нөхцөл байдалд тохируулан анхаарал болгоомжтой зорчихыг анхааруулж, авто замын нөхцөл байдлын мэдээллийг ирүүлэв.

Дарханы замын АХБ-ны төслөөр хэрэгжүүлж буй 1, 3 болон 5 дугаар багцын 24 сарын ажлын гэрээ ирэх сарын 31-нд дуусч байна. Мөн ЕСБХБ-ны зээлээр хэрэгжүүлж буй ажил энэ оны 12 дугаар сарын 31-нд дуусах, мөн 24 сарын хугацаатай гэрээ юм.

Нэмж мэдээлэхэд Дархан-Улаанбаатарын чиглэлийн 204.11 км-ын эхний 130 км замын хэсгийг буюу 3 болон 5 дугаар багцын замын хатуу хучилтыг бүрэн хийж, энэ оны 7 дугаар сарын 10-15-нд дуусган зорчих хөдөлгөөнийг нээсэн юм. Тус замын 1 дүгээр багцын замын хөдөлгөөнийг 2020 оны 11 дүгээр сарын 6-нд анх нээж байв. Замын 2 болон 4 дүгээр багцын ажил өмнөх гүйцэтгэгч БНХАУ-ын ААН, компани ажлаа орхисонтой олбоотойгоор хугацаа алдаж сунжирсан юм. Ингэснээр дээрх багцуудын замыг тавих ажил дээр ЗТХЯ тендер зарласан юм.

Энэ талаар ЗТХ-ийн сайд Л.Халтар хэлэхдээ, “Дарханы замын бүтээн байгуулалт дээр олон улсын 2 байгууллагын 2 өөр төслийн ажил хэрэгжиж буйг ойлгох хэрэгтэй. Эхнийх нь АХБ-ны төслөөр хэрэгжүүлж буй тус чиглэлийн замыг тавих 1, 3 болон 5 дугаар багцын ажил, мөн ЕСБХБ-ны зээлээр хэрэгжүүлж буй 4 эгнээ, олон улсын зэрэглэлийн автозам тавих гэрээ юм” гэдгийг тодотгож байв.

Сэтгэгдэл бичих