УОК, ЭМЯ-ны шийдвэрийн дагуу дархлаа сэргээх вакцины нэмэлт тунд төмөр замчид болон орон нутгийн ард иргэдийг хамруулах зорилгоор “Улаанбаатар төмөр зам” ХНН-ээс эмнэлгийн тусгай галт тэргийг энэ сарын 20-ноос эхлэн хойд, урд шугам замд аялуулахад бэлэн болжээ.
Дархлаажуулах баг өмнөд шугам замаас эхэлж ажиллах бөгөөд "Файзер-БиоНТех" үйлдвэрийн “Комернэти”, Синофарм /ВВIBP үйлдвэрийн “Cor V” ОХУ-ын Гамалейн судалгааны хүрээлэнгийн “Спутник-В” буюу “Гам Ковид Вак” вакцинуудаар дархлаа сэргээх нэмэлт тунг тарих аж.
Дархлаажуулах багт УБТЗ-ын Төв эмнэлгийн эмч, эмнэлгийн ажилтнуудаас гадна ХӨСҮТ-ийн эмч нар оролцож байна. Дархлаа сэргээх нэмэлт тун нь “КОВИД-19” халдварт цар тахлын хүндрэлээс сэргийлэх, нас барах эрсдэлээс хамгаалж байгааг ДЭМБ зөвлөж байгаа юм.
Нэмж дурдахад, Төмөр замын тээврийн тасралтгүй хэвийн үйл ажиллагааг хангаж, улс орон, ард иргэдийн ачааг шуурхай тээвэрлэхийн тулд халдвар хамгааллын дэглэмийг чанд баримталж, төмөр замчдыг дархлаажуулалтад бүрэн хамруулахад анхаарч хойд, урд шугам замд эмнэлгийн тусгай галт тэргийг аялуулж, вакцины 1, 2 -р тунд хамруулах ажлыг зохион байгуулж байгаа аж.