АНУ “Pfizer”-ын эмээс 10 сая тунг худалдан авахаар тохиролцжээ

оруулсан Алсын Хараа

 /VOA/. АНУ “Pfizer” компанийн “COVID-19”-ийн шинээр гарган авсан, хараахан зөвшөөрөл аваагүй байгаа эмээс энэ оны сүүлээс эхлэн ирэх оныг дуустал курс эмчилгээний 10 сая тунг худалдан авахаар тохиролцлоо гэж тус улсын Ерөнхийлөгч Жо Байден пүрэв гарагт мэдэгджээ.

Хүнс, эмийн чанарын хяналтын газар, Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төв энэхүү эмэнд зөвшөөрөл олгосон тохиолдолд эмчилгээг хүртээмжтэй, үнэ төлбөргүй байлгах нөхцөлийг бүрдүүлэхээр манай засаг захиргаа ажиллаж байна хэмээн Ерөнхийлөгчийн мэдэгдсэнийг Цагаан ордон уламжилсан байна.

Пүрэв гарагт “Pfizer” компани АНУ-ын Засгийн газар “Паксловид” эмийг худалдан авахад 5.29 тэрбум ам.доллар зориулахаар болсныг мөн мэдээлжээ. Энэ сарын эхээр танилцуулсан эмнэлзүйн туршилтын үр дүнгээр энэхүү эм “COVID-19”-ийн улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх, улмаар нас барах эрсдэлийг 89 хувиар бууруулжээ.

“Pfizer” нь “COVID-19”-ийн дотуур ууж хэрэглэдэг эмийг гарган авсан Америкийн хоёр дахь компани юм. Тодруулбал, 10 дугаар сард “Merck” компани өөрсдийн гарган авсан эм нь “COVID-19”-өөр халдварласан өвчтөнүүдийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх, нас барах эрсдэлийг 50 хувиар бууруулж буйг тогтоосноо мэдэгдсэн билээ.

Хүнс, эмийн чанарын хяналтын газар “Merck”-ийн эмтэй холбоотой шийдвэрийг энэ сарын эцсээр гаргахаар товоод байгаа бол Их Британийн Эм, эрүүл мэндийн бүтээгдэхүүний хяналтын газар хэдийнээ зөвшөөрөл олгоод байгаа юм. Өнгөрсөн сард Цагаан ордон “Merck” компанийн эмээс 1.7 сая тунг худалдан авахаар тохиролцсоноо мэдэгдсэн бөгөөд шаардлагатай тохиолдолд нэмж авах боломжтой гэсэн юм.

Ж.Байден “COVID-19”-ийн эмийн эмчилгээ нь цар тахлыг даван туулах үйл явцыг түргэтгэхэд чухал ач холбогдолтой гэдгийг дурдсан ч вакцин хамгийн үр дүнтэй хэрэгсэл хэвээр байгааг цохон тэмдэглээд, дархлаажуулалтад хамрагдаагүй байгаа хүн бүхэнд вакцин хийлгэхийг уриалжээ.

Сэтгэгдэл бичих