/NHK/. Япон улс өдөрт хилээрээ нэвтрүүлэх гадаадын иргэдийг тоог 5000 хүргэж нэмэгдүүлэхээр төлөвлөж байна. Одоогоор тус улс нэг өдөрт хилээр нэвтрэх иргэдийн тоог 3500-гаар хязгаарлаж байгаа юм.
Сайд нарын танхимын Ерөнхий нарийн бичгийн дарга Мацүно Хироказүгийн мэдээлснээр, Засгийн газар дотоодын болон хилийн чанад дахь халдварын нөхцөл байдал, вакцинжуулалтын түвшнийг харгалзан хязгаарлалтуудыг нэмж сулруулах эсэхийг шийдвэрлэнэ.
Хилээр нэвтрэх иргэдийн тоог нэмэгдүүлэх шийдвэрийн хувьд 11 дүгээр сарын 26-ны өдрөөс хэрэгжиж эхэлнэ. Япон өнгөрсөн долоо хоногт бизнес эрхлэгчид, оюутнууд, техникийн дадлагажигчдын хилээр нэвтрэх хязгаарлалтуудыг сулруулсан юм. Ийнхүү ирж буй иргэдэд тусгаарлагдах шаардлагыг үргэлжлүүлэн тавьж байгаа бол жуулчдыг хилээрээ нэвтрэхийг зөвшөөрөөгүй хэвээр байна.
Японд пүрэв гарагт халдварын 163 тохиолдол шинээр илэрсний 20 нь Токио хотод бүртгэгджээ. Ингэснээр нийслэл хотод өдөрт илэрсэн халдварын тохиолдлын тоо сүүлийн сар гаруйн турш 50-иас буураад байна. Гэвч бусад улс орнуудад вакцинд хамрагдсан хүмүүс халдвар авах, хязгаарлалтын арга хэмжээнүүдийг эрт сулруулснаас үүдэн халдварын үзүүлэлтүүд нэмэгдэх болоод байна.
Тухайлбал, БНСУ-д лхагва гарагт 3300 орчим хүнээс халдвар илэрсэн нь цар тахал дэгдсэнээс хойш өдөрт бүртгэгдсэн хамгийн өндөр үзүүлэлт болжээ. Энэ нь олон зуун мянган сурагч коллежийн элсэлтийн шалгалтаа өгч байгаатай зэрэгцсэн байна. Иймд халдвар авсан шалгуулагчдад эмнэлгээс шалгалтаа өгөхийг зөвшөөрчээ.
Мөн Германд пүрэв гарагт халдварын хамгийн олон буюу 65 мянга гаруй тохиолдол илэрчээ. Хамбург хотноо зул сарын баярын үзэсгэлэн худалдааг дэлгэхээр бэлтгэж буй энэ үед зөвхөн вакцинд бүрэн хамрагдсан иргэдийг хоол ундаар үйлчилдэг газруудад очихыг зөвшөөрөх төлөвтэй байна. Германд хүн амын 70 орчим хувь нь вакцинд хамрагдаад байгаа бөгөөд Засгийн газар энэ үзүүлэлтийг нэмэгдүүлэхээр ажиллаж байна.