Д.Батбаяр болон түүний эхнэр Т.Баясгалан нарт холбогдох шүүх хурал өнөөдөр болох товтой байсан. Гэвч шүүгдэгч талын өмгөөлөгч шүүх хурал давхцсан шалтгаанаар шүүх хурлыг хойшлуулж энэ сарын 31-нд явуулахаар товлосон байна.
Д.Батбаяр, Т.Баясгалан нарыг эрүүгийн цагдаагийн албанаас шалгаж, өөрсдийн болон хамаарал бүхий хүмүүсийнхээ нэр дээр байгуулсан хэд хэдэн компаниар дамжуулан, дархан цаазат Богдхан ууланд болон Яармагийн дэнжид их хэмжээгий газар авч, зориулалтын дагуу ашиглаагүй, орон сууц хороолол барьсан, байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийлгээгүй болохыг тогтоосон. Ингээд нийслэлийн прокуороын газраас Д.Батбаяр нарт эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх, хилийн хориг тогтоох арга хэмжээ авч таслан сэргийлэх арга хэмжээ авч хэргийг шийдвэрлэх хүртэл тэдний хилээр гарах эрхийг хязгаарлаад байгаа юм.
Нийслэлийн Прокурорын газраас Д.Батбаяр, Т.Баясгалан нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйл /залилах/-ийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалт, мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйл /мөнгө угаах/-ийн 1 дэх хэсэгт зааснаар, Нүрзээгийн Болормаа, Бөнтөгийн Цэрэндорж нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж, хэргийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн.