Ипотекийн зээлийн урьдчилгааг 20 хувь болгох боломж бий

оруулсан Алсын Хараа

БХБЯ-наас гэр хороололд амьдарч буй 200 мянган өрхийг орон сууцтай болгоход анхаарч байна.

Тухайлбал, ипотекийн зээлийн урьдчилгаа 30 хувийг төлж чадахгүй байгаа иргэдэд хуримтлалын зээл олгох, даатгалын сангаар дамжуулан урьдчилгааны 50 хувийг төлүүлэх, мөн урьдчилгааг 20 хувь болгох ч боломжтой. Ингэснээр зээлийн чанар муудахгүйг БХБ-ын дэд сайд Э.Золбоо “Орон сууц ба санхүүжилт” хэлэлцүүлгийн үеэр онцоллоо.

МИК-ийн гүйцэтгэх захирал Б.Гантулга “Хотын агаар, хөрсний бохирдлыг багасгах, эрүүл орчинд иргэдээ амьдруулах нэг шийдэл нь орон сууцжуулалт юм. Үүнийг бодлогоор, ногоон хөгжлийн стандартын хүрээнд хэрэгжүүлэх боломж нээлттэй байна. Ингэснээр ногоон орон сууцны эх үүсвэрийн өртгийг багасгах, түүнийг дахин санхүүжүүлэх боломж бий болно” гэдгийг тэмдэглэв.

Өнгөрсөн оны байдлаар манай улсад 908.7 мянган айл өрх байгаагийн 30 орчим хувь нь орон сууцанд амьдарч байна. Нийслэлийн нийт өрхийн 50 орчим хувь буюу 206 мянган өрх айл гэр хороололд амьдардаг судалгаа бий.

Ипотекийн зээлийн хөтөлбөрт 2013 оноос хойш нийт 100 мянга гаруй айл өрх хамрагдаад байна. Зээлдэгчдийн 64 хувь нь орон сууцаас орон сууцад орсон бол 36 хувь нь гэр хорооллоос шилжин суурьжээ. МИК 4.5 их наяд төгрөгтэй тэнцэх 85 мянга орчим ипотекийн зээлийг 26 удаагийн хэлцлээр үнэт цаасжуулж худалдан авсан аж.

БХБЯ, Монголын ипотекийн корпорац хамтран өнөөдөр зохион байгуулсан хэлэлцүүлгийн үеэр төрөөс орон сууцны талаар баримтлах бодлого, орон сууцны санхүүжилтын тогтолцоо, орон сууцны санхүүжилтийн шийдэл, хүртээмж зэрэг сэдвээр илтгэл тавьж гарц шийдлийн талаар ярилцаж байна. Хэлэлцүүлэгт БХБ-ын дэд сайд Э.Золбоо, МИК ОССК ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.ГантулгаМонголбанк, Сангийн яам, СЗХ, мэргэжлийн холбоод, олон улсын байгууллагын төлөөлөл оролцов.

Сэтгэгдэл бичих