/Yonhap/. Энэ сарын эхнээс “COVID-19”-тэй дасан зохицож амьдрах стратегийг хэрэгжүүлж эхэлсэн БНСУ-д өдөрт шинээр илэрсэн халдварын тохиолдлын тоо хамгийн өндөр үзүүлэлтэд хүрсэн талаар тус улсын эрүүл мэндийн байгууллагын удирдлагууд өнөөдөр мэдээллээ.
Солонгосын Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвийн мэдээлснээр, лхагва гарагт 3292 хүнээс халдвар илэрсэн нь халдварын анхны тохиолдол өнгөрсөн оны нэгдүгээр сарын 20-нд илэрснээс хойш өдөрт бүртгэгдсэн хамгийн өндөр үзүүлэлт болжээ. Ингэснээр халдварын тохиолдол хоёр өдөр дараалан 3000-аас олноор нэмэгдэж, 406 065-д хүрчээ.
Мөн сүүлийн 24 цагийн хугацаанд халдварын улмаас нас барсан хүний тоо 29-өөр нэмэгдсэнээр ийм тохиолдлын тоо 3187-д хүрчээ. Энэ нь халдварын нийт тохиолдлын 0.78 хувьтай тэнцэж байна. Шинээр илэрсэн тохиолдлуудын 1423 нь Сөүл хотод, 956 нь Гёнги мужид, 195 нь Инчеон хотод илэрчээ. Түүнчлэн улсын хэмжээнд 506 хүний биеийн байдал хүнд байна.
БНСУ-ын Засгийн газар ирэх хоёрдугаар сарын эцэс гэхэд хязгаарлалтын арга хэмжээнүүдийг цуцлах өргөтгөсөн төлөвлөгөө бүхий “COVID-19”-тэй дасан зохицож амьдрах бодлогыг 11 дүгээр сарын 1-нээс хэрэгжүүлж эхэлсэн юм. Үүний дагуу 12 дугаар сар дунд үеэс хоёрдугаар үе шатанд шилжих байсан боловч халдварын нөхцөл байдал энэ хэвээр үргэлжилбэл хязгаарлалтын арга хэмжээнүүдийг сулруулахгүй байж магадгүйг эрх баригчид анхааруулжээ.
Лхагва гарагт Солонгосын Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төв “COVID-19”-ийн эрсдэлийн түвшнийг долоо хоног тутам үнэлж, зай барих журмыг үргэлжлүүлэн сулруулах эсэхийг шийдвэрлэх таван шатлал бүхий системийг танилцуулжээ. Хэрэв эрсдэлийн түвшин дөрөв болон түүнээс дээш зэрэгт хүрвэл Засгийн газар хязгаарлалтуудыг сулруулахаа зогоож, цар тахлын нөхцөл байдалд яаралтай үнэлгээ хийнэ.
Мөн хүнд өвчтөнүүдийг хэвтүүлэн эмчлэх эмнэлгийн орны хүрэлцээ 75 хувиас хэтэрсэн тохиолдолд яаралтай төлөвлөгөөг хэрэгжүүлэх эсэх талаар нэн даруй хэлэлцэнэ. Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар, 42.11 сая хүн буюу хүн амын 82 хувь нь вакцины эхний тунг хийлгэсэн бол 40.31 сая хүн /78.5 хувь/ вакцинд бүрэн хамрагджээ. БНСУ-д өнөөдөр коллежийн элсэлтийн шалгалт болох бөгөөд орон даяар 500 мянга орчим ахлах сургуулийн төгсөх ангийн сурагч, коллежид элсэх хүсэлтэй иргэд шалгалт өгнө.